АН-ын шинэчлэлийн ажлын хэсгээс мэдээлэл хийлээ. Тус ажлын хэсэг нь АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын тушаалаар өнгөрсөн сарын 3-ний өдөр байгуулагдсан бөгөөд 2016 оны УИХ-ын сонгуульд АН-ын ялагдсан шалтгаанд дүгнэлт хийж, намын дүрмийг шинэчлэх зорилготой юм. Намын дүрмийг шинэчлэх ажлын хүрээнд тус ажлын хэсгийнхэн эрдэмтэн судлаачидтай хэлэлцэхээс гадна хөдөө орон нутаг дахь намын хороодын гишүүдтэй уулзаж саналыг нь авсан байна. Тодруулбал, АН-ын шинэчилсэн дүрэмд 21 аймгийн гишүүд, дэмжигчид оролцжээ.
Тус намын ҮЗХ-ны хурал ирэх сарын 16-ны өдөр болно. Уг хурлаар шинэчлэлийн ажлын хэсгийнхэн намын шинэчилсэн дүрмийг танилцуулах аж. Мөн тус ажлын хэсгээс намын сонгуульд ялагдсан шалтгааныг заавал олох ёстой гэсэн байр, суурийг илэрхийлж байгаа юм. Тиймээс өнгөрсөн хугацаан дахь Ардчилсан намын алдаа, оноо нь юу байв гэдгийг дүгнэж, болж өнгөрсөн үйл явдлыг цаг хугацааны дараалалд оруулан гаргажээ. Бид тус үйл явдлуудаас АН-ыг ялагдалд хүргэсэн байж болох 24 шалтгааныг нэрлэж байна.
Баримт 1. 2014 оны 05 сарын 21: УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд “УИХ-ын гишүүн С.Баярцогт шиг Оффшор данстай холбоотой хүмүүсийг намаасаа нэр дэвшүүлэхгүй” гэж өөрийн цахим хуудсаараа мэдэгдэв.
Баримт 2: 2014 оны 10 сарын 17: УИХ дахь МАН-ын бүлгийн 26 гишүүн, АН-ын бүлгийн гишүүн Ж.Батзандан нарын гарын үсэг бүхий Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барив.
Баримт 3. 2014 оны 10 сарын 20: Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл намын дарга Н.Алтанхуяг, Н.Энхбаяр нарын байгуулсан АН, МАХН-ын “Хамтран ажиллах гэрээ”-г эсэргүүцэв. Э.Бат-Үүл “АН-ын ҮЗХ хэлэлцэж батлаагүй байхад гарын үсэг зурж гэрээг хүчин төгөлдөр болголоо“ мэдэгдэв.
Баримт 4. 2014 оны 11 сарын 05: УИХ-аас Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах тухай МАН-ын 26 гишүүн, УИХ-ын гишүүн Л.Цог, Ж.Батзандан нарын өргөн барьсан тогтоолын төслийг хэлэлцэж, санал хураалт явуулахад АН-ын нэр бүхий 8 гишүүн ... эсрэг санал өгч, ... 7 гишүүн санал хураалтад оролцоогүйгээс Ерөнхий сайдаа огцруулж, өөрийн байгуулсан Засгийн газраа унагаав.
Баримт 5. 2014 04 сарын 24 Ерөнхий сайдын ахлах зөвлөх Л.Гансүх нарт Засгийн газраас хэрэгжүүлж буй “Нүүрс” хөтөлбөртэй холбогдуулан АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэв.
Баримт 6. 2014 оны 11 сарын 07: Ардчилсан намын ҮЗХ-ны ээлжит бус 43 дугаар хуралдаан товлосон цагтаа эхэлсэн боловч, Э.Бат-Үүл нар хурлын Тэргүүлэгчдийг сонгох асуудалд хүч түрэмгийлэн шийдвэр гаргаж, хурлын даргаар ҮЗХ-ны гишүүн Д.Баттулга, Тэргүүлэгчдэд Д.Бадарсан, Э.Бат-үүл нарыг сонгосон нь ҮЗХ-ны гишүүдийн эсэрүүцэлтэй тулгарч хуралдааныг 2014 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 14 цаг хүртэл түр хугацаагаар завсарлуулав.
Баримт 7. 2014 оны 11 сарын 09: ҮЗХ-ны 43-р хуралдааны 12 тоот тогтоолд “Засгийн газар байгуулах асуудлаар Парламентад суудалтай намуудтай зөвшилцөн ҮЗХ-ны хуралдаанд танилцуулж шийдвэрлүүлэхийг УИХ дахь АН-ын бүлэгт зөвшөөрсүгэй” гэснийг хурлын тэргүүлэгчид дур мэдэн санаатайгаар засварлаж, “Ерөнхий сайдыг тодруулах” гэж нэмж зассан нь илрэв.
Баримт 8. 2014 оны 11 сарын 17: УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд МАН-д Хамтарсан Засгийн газар байгуулах талаар зөвшилцөх санал хүргүүлэв.
Баримт 9. 2014 оны 11 сарын 18: УИХ-ын дарга З.Энхболд, АН-аас Ерөнхий сайдад нэр дэвшигч Ч.Сайханбилэг нар УИХ дахь МАН-ын бүлгийн хуралд оролцож, Хамтарсан Засгийн газар байгуулах талаар ярилцаж, тэдний сонирхсон асуултанд хариулав
Баримт 10. 2014 оны 11 сарын 22: Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газрын анхны хуралдаанаараа ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга асан Ш.Солонгыг (МАН) эргүүлэн томилов. Ш.Солонго нь ажлаа авангуутаа ЗГХЭГ-т ажиллаж байсан АН-ын 10 гаруй ажилтныг ажлаас нь чөлөөлж, МАН-ын гишүүдийг томилов.
Баримт 11. 2014 оны 11 сарын 29: Ерөнхий сайд Ч.Сайханбилэг МАН-ын Бага хуралд “Хоёр нам хамтарч Засгийн газар байгуулахыг Та бүхэн дэмжинэ гэдэгт итгэлтэй байна” гэсэн илгээлт хүргүүлэв.
Баримт 12. 2014 оны 12 сарын 06: Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газрынхаа сайд нарын нэрийг УИХ-ын даргад өргөн барив. Танхимын бүрэлдэхүүнд: АН-аас 8 яам, 10 сайд, МАН-аас 5 яам, 6 сайд, МАХН-аас 2 сайд, МҮАН-аас 1 сайд тус тус орсон байв.
Баримт 13. 2015 оны 1 сарын 08: Гүйцэтгэх зөвлөл хуралдаж, Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарийг өөр ажилд шилжсэнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Эрхэмбаярыг Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилов.
Баримт 14. 2015 оны 02 сарын 25: ТАВАН ТОЛГОЙН ТАЛААР З.ЭНХБОЛД, Ч.САЙХАНБИЛЭГ НАРЫН ҮР ДҮНГҮЙ МАРГААН ЭХЛЭВ 04 сарын 04 Ерөнхий сайд Ч.Сайханбилэг олон нийтэд хандаж телевизээр хэлсэн үгэндээ “...Тавантолгойн төслийн хэлэлцээр төгсгөлийн шатандаа орлоо. Хоёр тал үндсэн зарчмын шийдлүүддээ хүрч чадсаныг тэмдэглэхэд таатай байна. Засгийн газар дараагийн ээлжит хурлаар хэлэлцэн зохих шийдвэрийг гаргаж, Тавантолгойн төслөө албан ёсоор зарлан эхлүүлэх боломжтой боллоо...” хэмээн мэдэгдэв.
Баримт 15. 2015 оны 4 сарын 17: Засгийн газраас “Тавантолгойн нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын Тамгын газарт хүргүүлснийг УИХ-ын дарга З.Энхболд төсөл нь олон хуулийн заалтыг хангаагүй, бичиг баримт дутуу гэсэн шалтгаанаар Засгийн газарт буцаав. Үүний дараа УИХ-ын дарга “Хоёр сая хувьцаа эзэмшигчдээсээ зөвшөөрөл ав”, хэмээн олон нийтийн сүлжээгээр мэдэгдэв.
Баримт 16. 2015 оны 4 сарын 20: Хараат бус, бие даасан “Сант марал” судалгааны төвөөс III/27 - IV/12-ны хоорондох үеийг хамарч хийсэн судалгаагаар “Хэрвээ маргааш сонгууль болбол та аль намын төлөө саналаа өгөх вэ?” гэсэн асуултад МАН-38.9, АН-33.0, МАХН-18.9, ИЗНН-4.4, МҮАН-1.7, өөр нам 3.2, гэсэн дүн гарав. Сүүлийн жилүүдэд рейтингээрээ АН-аас дээш гарч байгаагүй МАН-ын рейтинг анх удаа илүү гарсан байна. Жилийн өмнө “Сант марал” төвөөс явуулсан ээлжит судалгааны дүнгээр АН-ын рейтинг 54 хувьтай гарч байжээ.
Баримт 17. 2015 оны5 сарын 01: Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Арабын Нэгдсэн Эмират улсад айлчлал хийх үеэрээ Дубай хотноо МУ-ын Засгийн газар, “Эрдэнэс Оюутолгой”, “Туркойз хилл ресурс”, “Рио Тинто” зэрэг компаниудын хооронд хийж байсан Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөний хэлэлцээ дуусч, төслийг эхлүүлэх “төлөвлөгөө” гэгчид талууд гарын үсэг зурав. Энэ нь Монголын улс төрийн хүрээнд ихээхэн хардлага, сэрдэлтийг дагуулав.
Баримт 18. 2015 оны 5 сарын 21: “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн дарга асан Г.Дэнзэнг “Говь-Повер” компанид 17 тэрбум төгрөгийн тендер хууль бусаар өгсөн хэрэгт буруутгаж саатуулав.
Баримт 19. 2015 оны 8 сарын 06: УИХ-ын чуулганаар МАН-аас Шийдлийн Засгийн газарт ажиллаж байсан МУ-ын Шадар сайд У.Хүрэлсүх, Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар, Зам тээврийн сайд Н.Төмөрхүү, Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Хөдөлмөрийн сайд С.Чинзориг, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол нарыг олонхийн саналаар огцруулав.
Баримт 20. 2015 оны 8 сарын 28: АН-ын Гүйцэтгэх зөвлөл хуралдаж АН-ын дарга З.Энхболд Засгийн газарт ажиллах дэд сайд нарт 5 хүний нэр оруулснаас Дархан-Уул аймгийн АН-ын дарга Н.Мөнхдаш, Дорнод аймгийн АН-ын дарга Д.Цэрэнчимэг, Хөвсгөл аймгийн АН-ын дарга Ч.Батцогт нарыг томилох нь зүйтэй гэж үзсэн нь намын гишүүдийн эсэргүүцэлтэй тулгарав.
Баримт 21. 2014 оны 05 сарын 08: УИХ-ын чуулганаар эдийн засгийг идэвхжүүлэх тогтоолыг батлах үеэр УИХ-ын гишүүн С.Баярцогт Ерөнхий сайд Н.Алтанхуягт хандан Үндэсний эв нэгдлийн Засгийн газар байгуулахыг хүсч, МАН-ын дарга М.Энхболдтой хэлэлцээ хийхийг уриалав.
Баримт 22. 2016 оны 06 сарын 22 Засгийн газар ээлжит хуралдаанаараа “Эрдэнэт” үйлдвэрийн 49%-ийг зарах асуудлыг нууцаар хэлэлцэв. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Төрийн ордонд яаралтай хэвлэлийн бага хурал хийж, “Эрдэнэт” үйлдвэрийн 49%-ийг ОХУ-ын тал эзэмшдэг. Тэгвэл энэ 49%-ийг Худалдаа хөгжлийн банк, “Монголын зэс” компани эзэмшихээр болсон.” хэмээн мэдэгдэв.
Баримт 23. СОНГУУЛИЙН ХУУЛЬД 6 САРЫН ДОТОР ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЖ БОЛОХГҮЙ ГЭСЭН ХУУЛИЙН ЗААЛТЫГ ЗӨРЧИН СОНГУУЛИЙН ХУУЛИЙГ ӨӨРЧЛӨВ: 04 сарын 25 УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж Үндсэн хуулийн цэцийн пропорциональ систем нь Үндсэн хууль зөрчсөн гэх дүгнэлтийг хэлэлцээд Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг дэмжих нь зүйтэй гэж үзэв.
Баримт 24. ТОМСГОСОН ТОЙРГИЙГ ЖИЖИГ 76 БОЛГОВ: 05 сарын 05 АН-ын бүлэг хуралдаж УИХ-ын сонгуулийн томсгосон тойргийг жижиг 76 болгох эсэх талаар хэлэлцэв. Ихэнх гишүүд томсгосон тойргоороо байх нь зөв гэсэн боловч Э.Бат-Үүл “Би намын удирдлага. Намаа ялуулахын тулд хариуцлагаа хүлээнэ. Судалгаа хийлгэсэн” гэж зүтгэсээр жижиг 76 болгов. Үүнд МоАН фракц гол үүрэг гүйцэтгэв.
Сэтгэгдэл (33)