Карибын тэнгисийн эргийн хамгаалалтынхан үл мэдэгдэх нэгэн хөлөг илрүүлжээ. Мэрэгжилтнүүд удтал судалсны эцэст энэ нь 1926 оны арванхоёрдугаар сард сураггүй алга болсон америкийн худалдааны SS Cotopaxi гэдэг хөлөг болохыг тогтоосон байна.
Энэ хөлгийг Кубын засгийн газар бүр 2015 оны тавдугаар сарын 16-нд анх илрүүлсэн юм байна. Энэ хөлөг кубын эргийн хориотой бүсэд гэнэт орж ирэхэд багийнхантай нь холбоо тогтоох гэж оролдсон ч ямар ч хариу өгөөгүй гэнэ.
Нэгэнт хил зөрчөөд орж ирсэн болохоор онгоцон дээр хилчид гарч шалгаж үзэхэд хэн ч байсангүй, харин хөлгийн ахмад Майер гэгчийн тэмдэглэл олдсоноор өнгөрсөн зууны 20-иод оны америкийн хөлөг онгоцны Clinchfield Navigation Company компанийн хөлөг болохыг мэдсэн байна.
Хөлөг дээр хэн ч байгаагүй ч хөлгийн засал, эд зүйл нь үнэхээр 100-аад жилийн өмнөхийг санагдуулж байсан гэнэ.
"SS Cotopaxi” хөлөг 1925 оны арваннэгдүгээр сарын 29-нд Өмнөд Каролины Чарльстон боомтоос нүүрс ачиж гараад Кубын нийслэл Гваанаг чиглэж явсан ч арванхоёрдугаар сарын 1-нд аюулын дохио илгээсэн юм байна. Хөлгийн их бие эвдрэн, хашлагыг даван ус орж байна хэмээн хөлгийн ахмад ойр байгаа хөлгүүдэд мэдээ дамжуулжээ. Ингээд тун удалгүй холбоо тасарсан байна.
Сураггүй болсон хөлгийг нэг сарын турш эрж хайгаад арванхоёрдугаар сарын 31 гэхэд хөлгийг алга болсонд тооцоод өнөө хүртэл түүнийг Бермудын гурвалжны ээлжит золиосын бүртгэлд оруулсаар иржээ.
90 жил далайд эзэнгүй хөвж явсан энэ хөлгийн нууцыг тайлахаар мөрдөн шалгаж ажиллаж байна гэж Кубын Сайд нарын зөвлөлийн дэд ерөнхийлөгч генерал Абелардо Коломе мэдэгдсэн байна.
Сэтгэгдэл (1)