Загварын ертөнцөд 30 жил болсон Michael Kors брэнд 1 тэрбум, 100 жил болсон Prada 10 тэрбум, 50 жил болсон Ralph Lauren 8 тэрбумын үнэлгээтэй. Гэтэл гурван жаахан хүүхдээ гэртээ харангаа гал тогооныхоо өрөөнөөс ажлаа эхлүүлсэн Тори 7 жилийн дотор 4 тэрбумын үнэлгээтэй “Tory Burch” брэндийг бүтээнэ гэдэг аргагүй том амжилт. Тэр тусмаа дизайн, бизнесийн ямар ч боловсролгүй бүсгүй!
Мэргэжлийн дизайнарч биш Тори 1966 онд, Пенсильвани мужид нэгэн фермерийн тосгонд өсчээ. Тэрээр гурван ахтай бөгөөд маш эршүүд охин байсан ба 10 нас хүртлээ даашинз, юбка огт өмсдөггүй цаашлаад загвар, гоёл чимэглэлийн талаар бодох, сонирхох боломж, зав ч байхгүйгээр өссөн байна. Гэхдээ түүний ээж нь залуудаа жүжигчин байсан дээдсийн бөгөөд сонгодог, тэр дундаа Жаклин Онассис маягийн хатагтай стилиэр хувцасладаг байсан байна. Гэхдээ ээжээс нь илүү түүний аавынх нь хувцаслалт түүнийг загварт дуртай болгосон. Санхүү хөрөнгө оруулалтын мэргэжилтэн Бадди Робинсон костюм пиджакны хослолыг гайхалтай сайхан сонгодог, түүнийгээ Hermes –н дэгжин хээнцэр ороолт, цувтай хослуулж гангардаг, биеэ сайхан авч явдаг жинхэнэ жентельмэн байжээ.
Тори охидын Agnes Irvin School сургуульд сурдаг, Preppy стилд дуртай гэхдээ хагас jock стилээр хувцасладаг энэ стильд их дуртай охин байжээ.
Preppy стиль гэдэг нь :1970-аад оны үеийн, АНУ –н дунджаас дээш орлоготой, хөрөнгө чинээтэй, сурвалжит удам гаралтай хүүхдүүдийн сурдаг ахлах сургуулийн дүрэмт хувцасны ерөнхий хэв маяг юм. Цаашлаад энэ хувцсыг дээдсийнн хүрээнийхний хичээллэдэг спортын төрлүүдэд ч тусгасан байдаг.
Jock стиль гэдэг нь: илүү спортлог бөгөөд спортын хувцсыг энгийн өдөр тутмын хувцастай хослуулж өмсдөг онцлогтой юм.
Тори өөрийн энэхүү стилиэ өөрийн брэндэдээ тусгаж өгсөн бөгөөд анхны коллекцио 1970 –д оны үеийн хувцаслалт буюу эцэг, эхийнхээ хувцаслалтаас санаа авч Preppy-bohemian хэв загвар дээр суурилж арай эмэгтэйлэг болгож хийж байжээ. хамгийн гол нь дээдсийн зиндааныханд зориулсан тансаг хэрнээ үнэ нь боломжийн байхаар шийдэж загваруудаа гаргаж эхэлсэн билээ. 2004 онд анх компаний ганцаараа эхлүүлж, нэг хоёр хүн авсаар 14 хүнтэй болсон түүний жижиг бизнес 2014 он гэхэд 3000 гаруй ажилтантай, жилийн орлого нь 800 сая доллараар хэмжигддэг, зөвхөн сайтаараа гэхэд 60 сая ам долларын борлуулалт хийдэг томоохон брэндүүдийн нэг болсон юм.
ТОРИГИЙН ЗӨВЛӨГӨӨ
1. Дуртай зүйлээ хий
Сайн дизайнарч болохыг хүсч байгаа бол юуны өмнө өөртөө таалагддаг, өөрийнхөө сонирхдог чиглэлд ажилла.Эрсдэл хийх ёстой газар нь хий. Хамгийн гол нь өөрийнхөө хийж буй зүйлд дуртай байх хэрэгтэй, хангалттай их цагийг ажилдаа зарцуул. Өөрөөр хэлбэл хөнгөн хуумгай биш, чанартай сайн гоёмсог бүтээл гаргах цагийг хангалттай гарга.
2. Зузаан арьстай бай
Манай аав, ээж надад амжилт олохын тулд хүн зузаан арьстай байх хэрэгтэй гэж сургадаг байсан. Нэг ёсондоо хэн нэгний хэлсэн шүүмж, сөрөг хандлага, сэтгэлээр унагах, урам хугалах үгсийг тоохгүй байх хэмжээний хаттай бай гэсэн санаа.
Харилцаа холбоо!
Хүн ямар ч ажил хийдэг байж болно.
Магадгүй тэр нь өөрийн мөрөөддөг төгс ажил биш ч байж болно. Бүр дургүй, үзэн яддаг ч байж болно гэхдээ ажил бүрээс туршлага сууж, суралцах хэрэгтэй.Ядаж л ирээдүйд хэрэг болох хүмүүстэй таницаад ав. Хамтын ажиллагаа, харилцаа холбоогүйгээр амжилт олох боломжгүй. Энэ хоёргүйгээр амжилт олж болох ч маш хэцүү бас тойруу, удаан замыг туулна
3. Дугуйг дахиж зохион бүтээх хэрэггүй
Хэзээ ч хаана ч шинэ зүйл зохион бүтээхийг хичээ, байдаг л юмыг дугуйг дахин зохион бүтээхэд цаг гарздах хэрэггүй.
4. Өөртөө стандарт тогтоож түүнийгээ баримтал
Ажил дээр хичнээн чухал ажил гарсан ч бай би ажласаа 18:30 гэхэд заавал гардаг. Сайн ээж байж чадахгүй бол сайн дарга, сайн удирдагч байж чадахгүй.Яагаад гэвэл хүүхдүүд, гэр бүл амьдралын хамгийн чухал зүйл. Хамгийн чухал зүйлдээ цаг гаргаж чаддаггүй хүн зорилгодоо хүрч аз жаргалтай байж чадахгүй.
5. Өөрийнхөө дайсан байж болохгүй
Ямар ч ажил хийсэн өөртөө итгэнэ гэдэг маш чухал. Ихэнх залуу хүмүүс өөртөө хангалттай итгэдэггүй. Тэд амжилтанд хүрнэ гэдэгтээ эргэлздэг. Өөртөө итгэ, өөрөө өөрийнхөө дайсан байж болохгүй.
6. Хийгээгүй харамснаас, хийгээд харамс
Би ямар нэгэн зүйлийг хийгээгүйнхээ төлөө харамсахыг хүсдэггүй. Түүний оронд хийгээд, алдаад, алдаанаасаа суралцаад урагшилсан нь хавьгүй дээр.Дараа нь энэ туршлага, чадвараараа илүү их зүйл бүтээж ашиг олдог.
7. Хүмүүстэй сайхан харилцаатай байдаг
Хүмүүсийг хэн бэ? Гэдгээс нь хамаараад хүн бүртэй ялгаатай харьцдаг хүмүүсийг би ойлгодоггүй. Хөвгүүддээ Жентлемэн гэдэг бол хагас цагийн ажил биш, энэ бол бүтэн цагийн ажил хүн байгаагаараа байж бүх хүмүүст ижил эелдэг хандах хэрэгтэй гэж сургадаг.
8. Эрсдэл гарга
Надад дизайн хийх, бизнес хийх ямар ч боловсрол, туршлага байгаагүй зөвхөн концепц л байсан. Загварын ертөнцөд иймэрхүү өнгө аяс, хэв маяг дутагдаад байна даа гэсэн маш ерөнхий санаа. Тэгээд би эрсдэл гаргасан, хэрэгтэй хүмүүсээр багаа бүрдүүлсэн, ирээдүйдээ итгэсэн, туршлага, алсын хараатай, мэдлэгтэй хүмүүсийг удирдах зөвлөлдөө авчирсан. Энэ бол миний хийсэн эрсдэл байсан.
Сэтгэгдэл (4)