Ж.Эрдэнэбатын толгойлох Засгийн газар өнгөрсөн долоо хоногт бүрдэв. Удтал хүлээлт үүсгээд байсан Засгийн газрын сайд нарын нэрс тодорсон ч улс төрийн хүрээнийхэн хийгээд олон нийтийн таалалт нийцэлгүй нэлээд хэл ам дагуулсан. Гэвч УИХ-ын чуулган шөнөжин хуралдан байж, МАН олонхоороо түрэмгийлэн шинэ засгийн газрын сайд нарыг баталжээ. Тэгвэл МАН-ын Засгийн сайд нарын хэн нь хэн бэ гэдгийг 24 баримтаар хүргэж байна.
МАН нэр дэвшүүлсэн дөрвөн сайдаа "жийж", 11 сайдыг баталлаа
Баримт 1. Ерөнхий сайд өнгөрсөн долоо хоногт сайд нарынхаа нэрсийг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн ч Ерөнхийлөгчийн таалалд нийцээгүй буцсан. Гэвч Ж.Эрдэнэбат бүрэн эрхийнхээ дагуу сайдад нэр дэвшүүлээд байсан эрхмүүдийнхээ дөрвийг нь “жийж”, үлдсэн 11 сайдын нэрийг УИХ-д өргөн мэдүүлж, улмаар олонхоороо сайд нараа батлав.
Баримт 2. Сайдгүй хоцорсон дөрвөн яам хэзээ сайдтай болж, Засгийн газар элэг бүтэн болохыг одоогоор хэлэх хүн алга.
Баримт 3. Эрүүл мэндийн сайдад нэр дэвшсэн Ж.Цолмон, Эрчим хүчний сайдад нэр дэвшсэн Д.Цэнгэл, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад нэр дэвшсэн Ц.Анандбазар, Барилга хот байгуулалтын сайдад яригдаж байсан Г.Өнөрболор нарыг ашиг сонирхлын зөрчилтэй гэсэн үндэслэлээр нэрийг нь УИХ-д өргөн бариагүй билээ.
Улс төрийн орлогчоос Шадар сайд болсон У.Хүрэлсүх
Баримт 4. У.Хүрэлсүх 1968 оны зургадугаар сарын 14 нд нийслэл Улаанбаатар хотод төржээ. Хэнтий аймгийн харъяат Ардын армийн 152 дугаар ангид улс төрийн орлогчоос 1991 онд МАХН-ын төв хороонд улс төрийн ажилтан болж гэнэт дэвшсэн нэгэн. Үүний дараа түүнийг УИХ дахь МАХН-ын бүлгийн ажлын албанд зөвлөхөөр татсан байдаг. Зөвлөхөөс МАХН-ын Залуучууд Хөгжил төвийн Ерөнхий захирал болсон гэдэг. Монголын ардчилсан социалист залуучуудын холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн хийж явсан нэгэн.
Баримт 5. МАН-ын генсек байхдаа намынхаа ууган нэрийг сэргээж, үүнээс үүдэн гарах сөрөг үр дагаварын хариуцлагыг өөрөө хүлээнэ гэж хэлж байсан. Тиймдээ ч УИХ-ын 2012 оны сонгуулиар намаа ялуулж чадаагүйнхээ төлөө хамгийн түрүүнд Намын Ерөнхий нарийн бичгийн даргын албанаасаа огцрох хүсэлтээ өгсөн.
Намаа ялалтад хүргэсэн гавъяа нь Ж.Мөнхбатад Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын албыг өгөв
Баримт 6. Намаа ялалтад хүргэсэн гавъяа түүнд энэ суудлыг авч ирсэн нь ойлгомжтой. МАН Улс төр судлаач мэргэжилтэй, яруу найрагч Ж.Мөнхбатад Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын албыг хашихаар болов. Ж.Мөнхбат нь 1979 онд Архангай аймгийн Цэцэрлэг хотын 2-р төрөхөд төрсөн. 2002 онд МУИС-ийн Улстөр судлалын анги төгссөн. Улстөр судлаач, нийгмийн ухааны багш мэргэжилтэй.
Баримт 7. 2005 онд Ерөнхийлөгчийн Тамгын газарт референт хийж тэрбээр МАН-ын орон тооны бус нарийн бичгийн дарга, Удирдах Зөвлөлийн гишүүн болтолоо дэвшсэн нэгэн.
МАН-ынхан Д.Оюунхоролд эхэлсэн ажлаа дуусгах үүрэг өгч, сайдын суудал бэлэглэв
Баримт 8. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол нь 1963 онд Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн. Эрх зүйч мэргэжилтэй. Д.Оюунхорол 2000-2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2004-2008 онд Отгонтэнгэр их сургуулийн ерөнхийлөгчийн албыг хашиж байгаад 2008-онд УИХ-д дахин сонгогдож, 2008-2009 онд УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар ажиллаж байв.
Баримт 9. Тэрбээр 2012 оны сонгуулиар Монгол Улсын Их Хурлын гишүүнээр дахин сонгогдон УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар ажилласан. Улмаар Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдаар томилогдон ажилласан. Харин түүнд МАН-ын эхэлсэн ажлаа дуусгах үүрэг өгч, сайдын суудал бэлэглэв.
Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил 12 жилийн дараа дахин энэ яамны сайдын суудалд суухаар боллоо
Баримт 10. Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд 1964 оны 10 дугаар сарын 18-нд төрсөн. Нийслэлийн 10 жилийн 23 дугаар дунд сургуулийг 1982 онд, Москва хотын Олон улсын харилцааны дээд сургуулийг Олон улсын эрх зүйч мэргэжлээр 1988 онд, АНУ-ын Харвардын их сургуулийн Хуулийн сургуулийг 1996 онд тус тус төгссөн. Орос, англи, франц хэлтэй нэгэн.
Баримт 11. Тэрбээр 1988 онд сургуулиа Олон улсын эрх зүйч мэргэжлээр төгсөөд, гадаад харилцааны яамнаас ажлын гараагаа эхэлж байсан гэдэг. Үүний дараа АНУ дахь монголын элчин сайдын яаманд атташегээр томилогдож гурван жил ажиллаад, залгуулаад Монгол улсаас НҮБ-ын дэргэд суух байнгын төлөөлөгчийн газарт 2-р нарийн бичгийн даргаар дөрвөн жил томилогдон ажилласан байдаг. Харин 2004 онд Гадаад харилцааны яамны сайдын албанд томилогдож байсан бөгөөд ийнхүү 12 жилийн дараа дахин Гадаад харилцааны яамны сайдын суудалд суухаар боллоо.
Хэнээр ч удирдуулж яваагүй Б.Чойжилсүрэн Сангийн яамыг удирдахаар болов
Баримт 12. Тэрбээр 1988 онд Увс аймгийн Улаангом хотын 10 жилийн хоёрдугаар дунд сургуулийг төгссөн. Автоматикч телемеханикч мэргэжилтэй. Түүний хувьд хэн нэгний удирдлаган дор ажиллаж байгаагүй бөгөөд оюутан байхаасаа захирал хийж эхэлжээ. Тухайлбал,3-р курсэд байхдаа буюу 21 настайдаа ОХУ-д Монгол, Оросын хамтарсан компаниа бүртгүүлж, захирал нь болж байжээ. 1995 онд авто машины орос дугуй борлуулдаг “Хурд” нэртэй компаниа үүсгэн байгуулж 1997 онд МАХН буюу одоогийн МАН-д элссэн байдаг.
Баримт 13. Харин 2006 онд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд даргаар ажиллаж байхдаа “Тавантолгой”-н хувьцаа эзэмшигч болсон бөгөөд шинээр зургаан ч компани үүсгэн байгуулсан байдаг. 2012 оны УИХ-ын сонгуулийн үеэр нэр дэвшигч Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нарын туслахууд иргэдэд мөнгө тараасан гэх асуудал дуулиан дэгдээж байсан.
Эдийн засагч мэргэжилтэй С.Бямбацогт Хууль зүй дотоод хэргийн яамыг толгойлно
Баримт 14. С.Бямбацогт 1992 онд Ховд аймгийн 10 жилийн дунд сургууль, 1998 онд Санхүү эдийн засгийн дээд сургуулийг төгссөн. Эдийн засагч мэргэжилтэй. Тэрбээр 1998-2000 онд “Ховдын өргөө” ХХК-ний ерөнхий захирал, 2000-2006 онд “Нью Прогрес” ХХКомпаний захирал, 2006-2008 онд “Нью Прогресс” группын Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, “Нью Прогресс” группын Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад улмаар 2008-2012 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсон.
Баримт 15. С.Бямбацогт 2016 онд УИХ-ын долоо дахь удаагийн сонгуулиар Монгол Улсын Их Хурлын гишүүнээр дахин сонгогдоод байна. С.Бямбацогт гишүүн нь өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд сөрөг хүчний бүлгийн даргаар ажилласан гэдгийг олон нийт андахгүй. Харин Хууль зүй дотоод хэргийн сайдад хэр тохирох хүн бэ гэдэг нь олон нийтин дунд эргэлзээ төрүүлээд байгаа.
Монголын баячуудаас хамгийн чинээлэг гэгддэг Б.Нямтайширын ганц хүү Н.Номтойбаяр сайдын суудалд тухлахаар боллоо
Баримт 16. Монголын баячуудаас хамгийн чинээлэг гэгддэг Б.Нямтайширын ганц хүү Н.Номтойбаяр Хөдөлмөр хамгаалын сайдын суудалд тухлахаар боллоо. Тэрбээр улс төрийн шинжлэх ухаан, Практик бизнесийн хос мэргэжилтэй нэгэн.
Баримт 17. Н.Номтойбаяр 2001-2005 онд Тагнуулын ерөнхий газар, 2005-2008 онд “Монголын Алт” ХХК-д Төслийн менежер, 2008-2009 онд Тагнуулын ерөнхий газар, 2009 онд “Монголын Алт” /MAK/ ХХК-д Тамгын газрын захирал, 2010 онд “Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв” ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн, 2010 онд “Монголын Алт”ХХК-д Бодлогын зөвлөлийн гишүүн, Дэд ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж ирсэн. Харин тэрбээр 2012 онд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даргаар ажиллаж байсан.
Б.Бат-Эрдэнэ Ерөнхийлөгчийн сонгуулиар "нэрээ татна" гэсэн тохироотойгоор Батлан хамгаалахын сайдад суув уу
Баримт 18. Б.Бат-Эрдэнэ 1982 онд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 10 жилийн дунд сургууль,1990 онд Цэргийн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. Хууль зүйн магистрын зэрэгтэй нэгэн. Тэрбээр 1983-2000 онд Биеийн тамир спортын “Хүч” нийгэмлэгт тамирчин, орлогч дарга, дарга, 1999-2004 онд “Аварга” биеийн тамирын дээд сургуулийн захирлаар ажиллаж байсан.
Баримт 19. Б.Бат-Эрдэнэ 2004 оноос хойш 4 дах удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдож, 2009-2010 онд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байв. Түүнийг ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуулиар "нэрээ татна" гэсэн тохироотойгоор сайдын суудалд тухалсан гэх яриа ч сайдын суудалтай зэрэгцэн чих дэлсэж байна.
Олон нийтэд танигдаагүй ч МАН-ынханд тоогдсон Д.Ганбат Зам тээврийн сайд болов
Баримт 20. Д.Ганбат нь “МТЗ” ХХК-ийн гүйцэтгэх захирал ч төдийлөн олон нийтэд танигдаагүй нэгэн.
Баримт 21. Харин тэрбээр Монгол Улсын сайд М.Энхсайханд Засгийн газрын хууль бус шийдвэрийг дэмжихгүй гэдгээ албан бичгээр хүргүүлж байсан удаатай. Энэхүү үйлдэл нь ч түүнийг МАН-ынхан тоогдож, Зам тээврийн сайдаараа томилогдсон байх гэдгийг хэлэх хүн олон байгаа юм.
Өрөмдлөгийн технологич инженер Уул уурхайн сайдын сэнтийд заларлаа
Баримт 22. Ц.Дашдорж 1985 онд Нийслэлийн 10 жилийн 12 дугаар сургууль, 1990 онд Политехникийн дээд сургуулийг төгссөн. Өрөмдлөгийн технологич инженер мэргэжилтэй.
Баримт 23. Тэрбээр 1990-1993 онд “Газрын тос” ХХКомпанид өрөмдлөгийн инженер, 1995-2000 онд “Их тэмүүлэл” ХХКомпаний Ерөнхий захирлаар ажиллаж байжээ. 2000-2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож, 2004-2008 онд Барилга, хот байгуулалтын дэд сайдын албыг хашиж байв. Мөн тэрээр 2008-2012 онд дахин Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож, 2012 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдаар ажилласан.
Баримт 24. Ц.Дашдорж 2012 оны УИХ-ын ээлжит сонгуулиар дархлагдсан тойрог Говь-Алтайгаа аймгаасаа нэр дэвшин УИХ-д суусан. Харин энэ удаагийн сонгуулиар нэр дэвшээгүй ч ийнхүү сайдын сэнтийд тухлахаар болов.
24tsag.mn
Сэтгэгдэл (26)