УИХ-ын долоо дахь сонгуулиар байгуулагдсан УИХ анхдугаар чуулганаараа Монголбанкны ерөнхийлөгчөөр Н.Баяртсайханыг томилсон билээ. Тэрбээр 2008 оноос хойш сураг алдраад байсан ч МАН-ыг сонгуульд ялалт байгуулж, олонх болсны дараа ийнхүү Төвбанкийг толгойлохоор ил гарч ирэв. Тэгвэл МАН-ын итгэлийг хүлээж Монголбанкны ерөнхийлөгч хэмээх эрхэм албанд томилогдоод буй Н.Баяртсайханы талаарх 24 баримтыг хүргэж байна.
Баримт 1. Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан учраас УИХ-ын дарга М.Энхболд бүрэн эрхийнхээ хүрээнд Монголбанкны ерөнхийлөгчөөр Н.Баяртсайханыг томилох саналыг УИХ-д оруулж ирсэн.
Баримт 2. Түүнийг Монголбанкны ерөнхийлөгч болгох эсэх талаар санал хураахад гишүүдийн 95 хувийн саналаар дэмжигдэв.
Баримт 3. Надмидын Баяртсайхан нь хөдөлмөрийн эдийн засагч, улс төр судлаач мэргэжилтэй нэгэн.
Баримт 4. Монголбанкны ерөнхийлөгчөөр томилогдсон Н.Баяртсайхан нь Увс аймгийн харьяат.
Баримт 5. Тэрбээр Эрхүүгийн Улс ардын аж ахуйн дээд сургууль, Москвад Төрийн удирдлагын академийг дүүргэжээ.
Баримт 6. Эдийн засгийн ухааны докторын зэрэгтэй.
Баримт 7. УИХ-ын анхдугаар сонгуулиас хойш парламентад гурван удаа сууж байсан нэгэн юм.
Баримт 8. Харин 2008 оны сонгуулиас хойш хэсэг хугацаанд сураг алдраад байсан ч МАН-ыг сонгуульд ялалт байгуулсны дараа ийнхүү Төв банкыг толгойлохоор ил гарч ирэв.
Баримт 9. Тэрбээр 2001, 2005, 2009-2010 онд санхүү, төсөв, менежментийн чиглэлээр Шинэ Зеланд, АНУ-д мэргэшил дээшлүүлжээ.
Баримт 10. Н.Баяртсайхан 1982-1989 онд Намын дээд сургуульд багшилж байжээ.
Баримт 11. Харин 1992-2008 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажилласан байсан.
Баримт 12. 1993-1995 онд УИХ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар ажилласан аж.
Баримт 13. Мөн тэрбээр 2000-2004 онд Төсвийн байнгын хорооны дарга байсан байна.
Баримт 14. Засгийн газарт цөөхөн сар, жил ажилласан сайд нар нэлээд байдаг. Тэгвэл Н.Баяртсайхан ч мөн тэдний нэг бөгөөд 2006-2007 онд Засгийн газрын гишүүн, Сангийн сайдын албыг жил орчмын хугацаанд хашиж байжээ.
Баримт 15. 2002-2014 онд Монголын Хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны ерөнхийлөгч байв.
Баримт 16. 2004 оноос мөн холбооны хяналтын зөвлөлийн даргаар ажиллаж иржээ.
Баримт 17. 2008 оны сонгуулиар Н.Баяртсайхан С.Эрдэнэтэй Баянгол дүүрэгт өрсөлдсөн ч саналын будлианаас үүсэлтэй маргаан удтал өрнөсөн. Эцэст Н.Баяртсайхан нам гүм болсон.
Баримт 18. Учир нь Н.Баяртсайхан Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбоо /МХААХҮХ/-ныхоо сонгуульт ажилд анхаарал хандуулж, улс төрөөс холдсон гэгддэг.
Баримт 19. 2013 онд Н.Баяртсайхан МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргад нэр дэвшсэн ч амжилт олоогүй.
Баримт 20. Тэрбээр Увс аймгийн харъяат бөгөөд МАН-ын нөлөө бүхийн гишүүдийн нэг юм.
Баримт 21. Түүний хувьд УИХ-д удаа дараа сонгогдохдоо, Эдийн засгийн байнгын хороог тэргүүлж, Улсын төсөв, Мөнгөний бодлогоор санал санаачлага гаргаж, хүчтэй дуугардаг байсан хэмээн улс төрийн хүрээнийхэн үнэлдэг.
Баримт 22. 2007 онд Засгийн газраас шийдвэр гарган "Бороо Гоулд" компанитай байгуулсан тогтвортой байдлын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан билээ. Харин уг гэрээний өөрчлөлттэй холбоотойгоор нэлээд хэд ам гарч байсан бөгөөд тухайн үед Сангийн сайдаар ажиллаж байсан Н.Баяртсайханыг тэрхүү хэл ам тойроогүй. Учир нь түүнийг дур мэдэн цаад талд ашигтайгаар гэрээг өөрчлөн гарын үсэг зурсан гэж үзэж байв.
Баримт 23. Харин Н.Баяртсайхан үүнийг “Бороо Гоулд”-ын гэрээг шинэчилснээр улсын төсөвт жилд 50 тэрбум төгрөг орно хэмээн тайлбарлаж байсан юм.
Баримт 24. Харин энэ асуудал тухайн үед нэг хэсэг дуулиан тарьж байсан ч тэгэсхийгээд л намжсан бөгөөд Н.Баяртсайхантай холбоотой хэмээн хардагдаж байсан асуудал ч олны анхаарлаас гарсан юм.
24tsag.mn
Сэтгэгдэл (15)