Энэтхэгийн “Ringing Bells” компани 251 рупий буюу 3,67 долларын үнэтэй “Freedom 251” хэмээх ухаалаг гар утас үйлдвэрлэж, технологийн салбарт тэсрэлт хийлээ. Уг гар утас санаанд багтамгүй хямд үнэтэй ч гэсэн орчин үеийн ухаалаг төхөөрөмжийн бүх функцийг өөртөө агуулсан гэж үйлдвэрлэгчид мэдэгджээ. Тухайлбал, 5 инчийн мэдрэгчтэй дэлгэц, 3G сүлжээ, bluetooth, 8 Гбайтын санах ой, 8 мегапиксель, 2 мегапикселийн хүчин чадалтай хоёр камер, нүүр царайгаа таниулж түгжээ тайлах зэрэг ухаалаг системтэй ажээ. Тиймээс “iPhone 4” гар утаснаас хоцрох зүйл огт байхгүй гэнэ.
Компани албан ёсныхоо вэб сайтаар дамжуулан урьдчилсан захиалга авахад хэдхэн цагийн дотор хаагдаж, худалдаагаа зогсоохоос өөр аргагүй болсон байна. Сүүлд нь эхний өдрөө 37 сая, хоёр дахь өдрөө 24,7 сая захиалга авсан нь тогтоогдсон бөгөөд бүтээгдэхүүнээ дөрвөн сарын дотор хэрэглэгчдэд нийлүүлнэ гэдгээ амлажээ. Хямд гар утсыг эхний нэг жилдээ зөвхөн Энэтхэгийн зах зээлд худалдах юм.
Гэвч шүүмжлэгчид компанийн энэхүү амлалтанд эргэлзэж, янз бүрийн таамаглал дэвшүүлсээр байна. Тэд түгээлт, маркетинг, үйлдвэрлэлийн зардлыг оруулаад бүтээгдэхүүнийхээ үнээ нэмнэ гэж таамаглаж байгаа бол Энэтхэгийн харилцаа холбооны зохицуулах газраас тус компанийн санхүүгийн тайланг шалгаж эхэлжээ.