Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр болоход хэдхэн хоногийн хугацаа үлдээд байна. Энэ жил тэгш ой тохиож байгаа бөгөөд АСЕМ-ын зочид ч наадмыг үзэж сонирхох учир наадмыг зохион байгуулах хорооныхон бэлтгэл ажлаа өрнүүлсээр байгаа юм. Мөн гадны зочид, жуулчдын тоо эрс нэмэгдэх тул бэлтгэл ажилдаа хариуцлагатай хандахыг албаны хүмүүс анхааруулсаар байгаа билээ. Тэгвэл энэ жил монголчууд наадмаа хэрхэн тэмдэглэх хийгээд баяр наадмаа тэмдэглэхэд бэлэн эсэх талаарх 24 баримтыг хүргэж байна.
Баримт 1. Энэ жил Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой тохиож байна. Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тоглолтыг найруулах ерөнхий найруулагчаар Улсын Драмын Эрдмийн Театрын ерөнхий найруулагч Н.Наранбаатар ажиллана. Түүний хувьд "Гамлет", "Ромео, Жульетта" зэрэг дэлхийн сонгодогууд жүжгүүдийг энэ цаг үед театрын тайзнаа амилуулсан авъяаслаг залуу найруулагч юм.
Баримт 2. Төв цэнгэлдэх хүрээлэнд жил болгон нээлтийн үйл ажиллагаанд хурдан морьд орж ирдэг. Энэ жил морьдоос гадна зургаан тэмээ орж ирэх гэнэ.
Баримт 3. Энэ жилийн хувьд наадмын нээлт болон бөхийн барилдааны тасалбарын үнэ өмнөх оныхтой ижил буюу суудлаасаа хамаарч 16-24 мянган төгрөг байна. Харин жуулчдын тасалбар 25 ам.доллар хэвээр байгаа юм. Тасалбарыг долоодугаар сарын 7-ны өдрөөс эхлэн Бөхийн өргөө, Соёлын төв өргөөний кассаар худалдаална.
Баримт 4. Үндэсний Их баяр наадмын өдрүүдэд Хүй долоон худагт Монголд үйлдвэрлэсэн 30 ширхэг цахилгаан автобус иргэдэд үйлчилнэ. Өмнөх жил 15 ширхэг цахилгаан автобус үйлчилгээнд явж байсан бол энэ жил 15-ыг нэмж явуулахаар болжээ.
Баримт 5. Энэ жилийн Үндэсний их баяр наадмаар ес хоног амарна. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр долдугаар сарын 11, 12, 13, 14, 15-нд байхаар хуульчилж, 2014 онд нэмэлт өөрчлөлт оруулснаар наадмаар үеэр ажлын таван өдөр амардаг болсон. Энэ жилийн тухайд долдугаар сарын 9, 10, 16, 17-нд амралтын өдрүүд таарч байгаа тул долдугаар сарын 8-наас эхлэн амарч, 18-нд ажил цуглах юм байна.
Баримт 6. Наадмаар хуушуур хийх, худалдаа үйлчилгээ явуулах сонирхолтой аж ахуйн нэгж, иргэд цөөнгүй байдаг. Энэ жил Хүй долоон худагт 250 орчим аж ахуйн нэгж, хувь хүн худалдаа үйлчилгээ эрхлэх бөгөөд 60 гаруй нь хуушуур, бусдад нь худалдааны эрх олгоно.
Баримт 7. Харин Төв цэнгэлдэх хүрээлэнд 700 орчим аж ахуйн нэгж, хувь хүн худалдаа үйлчилгээ эрхлэх бөгөөд энэ жил нийт 900-1000 аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүнд наадмаар худалдаа үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгох юм байна.
Баримт 8. Худалдаанд хүнсний бараа заруулахгүй нарны малгай, шүхэр, борооны цув зэрэг зүйл байна. Энэ жилийн Хүй долоон худгийн худалдаа үйлчилгээг Чингэлтэй, Хан-Уул дүүрэг зохион байгуулж байгаа аж. Харин Төв цэнгэлдэх хүрээлэнгийн худалдаа үйлчилгээг Сонгинохайрхан, Баянгол, Сүхбаатар, Баянзүрх дүүрэг хариуцаж байгаа юм.
Баримт 9. Дүүргүүд худалдаа үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж, иргэний өргөдлийг өнгөрсөн даваа гарагаас хүлээн авч эхэлсэн бөгөөд 25-ныг хүртэл үргэлжилнэ. Энэ сарын 1-нээс үйл ажиллагаа явуулах иргэд, аж ахуйн нэгжүүд тодорхой болж эхэлж байна. Зөвшөөрөл авсны дараа Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын шинжилгээнд хамрагдахаас эхлээд шаардлагатай бичиг баримтаа бүрдүүлэх боломжтой.
Баримт 10. Зөвшөөрлийн төлбөр өмнөх жилүүдтэй адил бөгөөд Хүй долоон худагт 15 мянга, Төв цэнгэлдэх хүрээлэнд худалдаа эрхлэхээр бол 20 мянган төгрөг байна.
Баримт 11. Наадмыг хуушуургүйгээр төсөөлөхийн аргагүй. Тиймээс ч өнгөрсөн жил Төв цэнгэлдэх хүрээлэнд “Хуушуур фестиваль” зохион байгуулсан. Энэ жил мөн аж ахуйн нэгж, иргэдийн дунд 11,12-нд дээрх аргг хэмжээг зохион байгуулахаар болжээ.
Баримт 12. Морь гарааны зурвас руу явж эргэх хүртэл наадамчдыг уйдаахгүй байх үүднээс “Морьтон монголчууд” үзүүлбэр толилуулна.
Баримт 13. Харин долоодугаар сарын 10-нд “Холч морьдын уралдаан”, 13-нд уяачдын наадам болно. Мөн шүхэрчид буулт хийх зэрэг үйл ажиллагааг хөтөлбөрт оруулахаар санаачилж байгаа аж.
Баримт 14. Үндэсний баяр наадмын тухай хуулийн “Баяр наадмын хурдан морийг долоогоос дээш насны хүүхэд унах бөгөөд ослын даатгалд хамруулсан байна” гэсэн заалтын дагуу Хүүхдийн төлөөх үндэсний газар, Монголын морин спортын уяачдын холбоо хамтран унаач хүүхдүүдийг эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлийн дагуу даатгалд даатгуулсан тохиолдолд хурдан морь унуулахыг зөвшөөрөх дээрх шийдвэрийг гаргажээ.
Баримт 15. Жилийн жилд уралдааны морьдыг олон машин дагадаг гэх шүүмжлэл гардаг. Тэгвэл энэ жил хэвлэлийнхэнд зориулсан таван машин, комиссын гишүүдийн, түргэн тусламжийн зэрэг машин дагах аж.
Баримт 16. Өнгөрсөн жил Соёолон насны морьдын уралдаанд 20 мянга орчим машин ирсэн бөгөөд долоон мянга орчим нь л зогсоолд зогссон. Энэ жил ч мөн адил зөвшөөрөгдсөн 6500 орчим машин зогсох боломжтой ч зохицуулалт хийж 7-8 мянган машин зогсоолд зогсоох боломж бүрдүүлээд байгаа аж.
Баримт 17. Хүй долоон худагт наадамчин олны аюулгүй байдал, дэг журмыг сахиулахаар Замын цагдаа, морин эргүүл зэрэг цагдаагийн 6800 алба хаагч ажиллана. Наадмаас өмнө Хүй долоон худагт 700 автомашины зогсоол ашиглалтад орно.
Баримт 18. Энэ жилийн баяр наадамд 2 тэрбум 913 сая төгрөгийг зарцуулахаар төсөвлөсөн.
Баримт 19. Наадамчдын зам дагуу авто зам дагасан шороон далангуудын 11635 м2 талбайд эко хавтан суурилуулах, 1227 м2 талбайг зүлэгжүүлэх ажил хийж байна.
Баримт 20. Өмнө нь авто замын хоёр талаар 3750 улиас модыг эгнээлэн болон төгөл хэлбэрээр тарих, авто замын 140 тэмдэгнүүдийг шинэчлэх, 3000 м2 замын хэвтээ болон босоо тэмдэг, тэмдэглэгээнүүдийг будах, зам дагуух бүх модонд бэхэлгээ хийж пайзтай болгох, Нисэх Яармагийн зааг дахь аюулгүйн тойргоос Чингисийн хүрээ рүү эргэх уулзвар хүртэлх 3.3 км автозамын голын тусгаарлах зурвасын 23150 м2 талбайг зүлэгжүүлэх ажил хийгдсэн байна. Мөн авто замын голын тусгаарлах зурвас, замын хоёр талаар 68000 м2 талбайн хуучин шороон хөрсийг 20 см зузаантай хуулж хар шороо дэвсэж зүлэгжүүлжээ.
Баримт 21. Морь уралдах замд 20 орчим айл байгаа бөгөөд тэдгээрийг ирэх сарын 5-наас өмнө нүүлгэхээр тохирчээ.
Баримт 22. Хүй долоо худагт бие засах газрын асуудал хүнд байдаг. Тиймээс нэг удаадаа 6-8 хүн зэрэг үйлчлүүлэх боломжтой 30 гаруй бие засах газрыг байгуулахаар болсон байна. Мөн нүхэн жорлон, био жорлон нэмж байрлуулах аж.
Баримт 23. Энэ жил наадмын үдэш буюу 7 дугаар сарын 11-ны үдэш “Харанга” хамтлаг Чингисийн талбайд тоглоно.
Баримт 24. Наадам болтол Хүй долоон худагт аливаа уралдаан тэмцээн зохиохгүй байхаар болсон. Наадамд зодоглох бөхчүүдийг энэ сарын 8,9,10-ны өдрүүдэд бүртгэнэ. Энэ жилийн наадмаар 1024 бөх барилдаж, 1000 гаруй сур харваачид, 80 багийн 800 гаруй шагайн харваач цэц мэргэнээ сорино. Зургаан насны болон эрлийз морьдын уралдаан болно.
24tsag.mn