УИХ-ын ээлжит сонгуулийн урьдчилсан дүн өчигдөр зарлагдаж, өнөөдөр ялалт байгуулсан нэр дэвшигчид үнэмлэхээ гардаж авна. Энэ удаагийн сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулж, АН ялагдлаа хүлээн зөвшөөрч, ард түмний сонголтыг хүндэтгээд байгаа билээ. Тэгвэл энэ удаагийн сонгуульд ялалт байгуулсан нэр дэвшигчдийн болоод шинэ парламентийн бүрэлдэхүүн ямар байх талаар 24 баримтыг хүргэж байна.
Баримт 1. СЕХ-ны мэдээлснээр энэ удаад МАН 65, АН 9, МАХН 1 суудал авсан бол бие даагч нэг сонгогдоод байна. Өөрөөр хэлбэл шинэ парламент бүрэлдэхүүн -65:9:1:1 байна гэсэн үг юм.
Баримт 2. МАХН-аас О.Баасанхүү гишүүн ганцаараа Эрдэнэтчүүдийн итгэлийг хүлээсэн бол бие даагч С.Жавхлан Баянзүрх дүүргийн 54 дүгээр тойрогт үнэмлэхүй ялалт байгууллаа.
Баримт 3. Энэ удаагийн парламентад нийтдээ 39 шинэ гишүүн сонгогдов.
Баримт 4. УИХ-ын сонгуульд нийт 129 нь эмэгтэй нэр дэвшигч өрсөлдсөнөөс 13 нь ялалт байгуулж УИХ-ын гишүүний эрхээ авлаа.
Баримт 5. Үүнээс 12 эмэгтэй гишүүн нь Монгол ардын намын гишүүн бол Завхан аймгийн 18 дугаар тойрог нэр дэвшсэн З.Нарантуяа ганцаараа АН-ын гишүүн юм.
Баримт 6. 2016 оны сонгуульд нийтдээ 13 эмэгтэй нэр дэвшигч сонгогдсоноороо өмнөх удаагийн парламентын 11 эмэгтэйн рекордыг эвдээд байна.
Баримт 7. 2016 оны сонгуульд сонгогчдоос хамгийн өндөр санал авсан нэр дэвшигчээр Дорноговь аймгийн 13 дугаар тойрогт МАН-аас өрсөлдсөн Б.Дэлгэрсайхан тодроод байна.
Баримт 8. Түүнд 13 дугаар тойргийн сонгогчдын 69.8 хувь нь итгэл хүлээлгэжээ.
Баримт 9. Мөн тус аймгийн 12 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшсэн яруу найрагч Г.Мөнхцэцэг дорноговьчуудын 65.6 хувийн саналыг авч, удааллаа.
Баримт 10. УИХ-ын гишүүн О.Баасанхүү хамгийн цөөн саналаар буюу 4222 санал авснаар хоёр дахь удаагаа парламентад суухаар болж байна.
Баримт 11. Мөн Б.Пүрэвдорж 4492, Д.Дамба-Очир 4728 нар хүний саналаар УИХ-д суух эрх өвөртөлсөн гишүүдийн тоонд багтав.
Баримт 12. Нэр дэвшигчдээс улсын хэмжээнд хамгийн бага санал авсан хүнээр Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намаас 55 дугаар тойрогт нэр дэвшигч Н.Бадамханд тодорчээ. Түүнийг тойргоос нь ердөө 29 хүн дэмжиж, саналаа өгсөн байна.
Баримт 13. 2016 оны УИХ-ын сонгуульд спортын салбараас цөөнгүй хүн нэр дэвшсэнээс үндэсний бөхийн гурван аварга төр түшилцэхээр сонгогдлоо.
Баримт 14. Хэнтий аймгийн 40 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ /6243 санал/, Сонгинохайрхан дүүргийн 73 дугаар тойрогт аварга Д.Сумъяабазар /9577/ нар улиран сонгогдсон бол Төв аймгийн 29 дүгээр тойрогт дархан аварга А.Сүхбат /7896/ анх удаа өрсөлдөж ялалт байгуулав.
Баримт 15. Энэ удаагийн сонгуульд МУГЖ С.Жавхлан Баянзүрх дүүрэгт бие даан нэр дэвшиж үнэмлэхүй ялалт байгууллаа. Тэрбээр УИХ-ын сонгуульд гурвантаа өвдөг шороодсон ч энэ удаа дахин нэр дэвшиж ялав. Тэрбээр 2016-2020 оны парламентад ажиллах цор ганц бие даагч юм.
Баримт 16. Харин хоёрдахь дуучин нь Тимон буюу Н.Учрал. Тэрбээр МАН-аас СХД-т нэр дэвшиж ялалт байгуулснаар парламентын гишүүн болох нь. Анх хип, хоп дуу дуулж олны танил болсон энэ залуу сүүлийн үед боловсролын салбарт ажилласан. Харин боловсролын салбартаа нэг их удалгүй улс төр рүү орж ирсэн нь энэ.
Баримт 17. Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан нар 2016 оны УИХ-ын сонгуульд ялалт байгуулснаар Монгол Улсын түүхэнд УИХ-д хамгийн олон удаа сонгогдсон гишүүдээр тодорч байна.
Баримт 18. Тэд 1992 оноос хойш долоон удаагийн сонгуулиар ард түмнийхээ итгэлийг хүлээж сонгогдож байна.
Баримт 19. Энэ парламентын хамгийн залуу гишүүнээр Хэнтий аймагт нэр дэвшин өрсөлдсөн Д.Гантулга байна.
Баримт 20. Тэрбээр энэ жил 29 настай, хамгийн залуу нэр дэвшигчдийн тоонд багтаж байсан юм.
Баримт 21. Энэ удаагийн парламентад ах дүү хоёр өөд өөдөөсөө харан тохой нийлүүлэн суух нь. Батсүхийн Наранхүү Дундговь аймгийн УИХ-ын сонгуулийн 16 дугаар тойргоос парламентад дахин сонгогдсон бол түүний дүү Батсүхийн Саранчимэг Баянзүрх дүүргийн УИХ-ын 51 дүгээр тойргоос анх удаа парламентад сонгогдоод байна. Ийнхүү хоёр өөр намаас өрсөлдсөн Батсүх гуайн хүү, охин хоёр парламентын түүхийг нэмлээ.
Баримт 22. Үе, үеийн парламентад ижил нэртэй олон гишүүд ажиллаж ирсэн. Өнөөгийн төрийн эрхийг залж буй хоёр намын даргын нэр гэхэд л ЭНХБОЛД. Харин энэ удаагийн парламентад ч мөн олон амьдаанууд ажиллах нь. Тухайлбал, Энхболд нэртэй 3, Бат-Эрдэнэ нэртэй 2, Энх-Амгалан нэртэй 2, Жавхлан нэртэй 2 хүн тус, тус ажиллах нь. Тэдний ихэнх нь нэг намын нөхөд.
Баримт 23. Сайн бус саар нэртэй Г.Мөнхцэцэг гэх эмэгтэй энэ удаагийн сонгуульд Дорноговь, Говь-Сүмбэр аймагт МАН-аас нэр дэвшин ялалт байгууллаа. Сүүлийн жилүүдэд Монголын зохиолчдын эвлэлийг толгойлж ирсэн түүнийг улс төрийн туршлагагүй гэж ярьдаг ч УИХ-ын гишүүнээр хэр сайн ажиллахыг нь харах үлдэж байна.
Баримт 24. “Болор цом”-ын хоёр дахь эзэн бол МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат. Яруу төгөлдөр шүлгүүдтэй тэрбээр “Болор цом”-д түрүүлсэн шигээ сонгуульд ялалт байгууллаа. Түүний хувьд Архангайн унаган хүүхэд бөгөөд төрсөн нутагтаа нэр дэвшин ялав.
Сэтгэгдэл (16)