Сонгуулийн санал авах хугацаа хаяанд иржээ. Монголчууд эрх барих дээд байгууллагын төлөөллөө ирэх лхагва гарагт сонгоно. Тэгвэл сонгуулийн санал авах газар, хугацааг хэрхэн зохион байгуулах, гадаад улсад байгаа иргэдийн санал авах газар, хугацаа ямар байх талаарх 24 баримтыг хүргэж байна.
Баримт 1. Сонгогчдын саналыг Улаанбаатарын цагаар санал авах өдрийн 07.00 цагаас 22.00 цаг хүртэл хугацаанд санал авах байранд авна.
Баримт 2. Санал авах байр сонгогчдын санал авах өдөр, цаг, байрыг уг өдөр хүртэлх 14 хоногийн турш нийтэд зарлан мэдээлнэ.
Баримт 3. Тухайн хэсгийн харьяалагдах сум, дүүргийн Засаг дарга санал авахад шаардлагатай зүйлийг сонгуулийн төв байгууллагаас баталсан зааврын дагуу санал авах өдрөөс таваас доошгүй хоногийн өмнө бэлэн болгох үүрэг хүлээнэ.
Баримт 4. Тухайлбал санал авах байр, сонгогч саналаа нууцаар өгөхөд шаардагдах санал бэлтгэх бүхээг /300 сонгогч тутамд нэг байхаар тооцож/, зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх сонгогч саналаа нууцаар өгөхөд шаардагдах бүхээг, суурин болон зөөврийн битүүмжилсэн саналын хайрцаг, сонгогчийн бүртгэл дэх зургийг нийтэд болон ажиглагчид үзүүлэх дэлгэц, хууль тогтоомжид заасан бусад зүйлийг бэлэн болгох үүрэгтэй.
Баримт 5. Харааны бэрхшээлтэй сонгогч саналаа өгөхөд зориулсан саналын хуудсыг унших, саналаа тэмдэглэх тусгай зориулалтын брайль үсэг бүхий хавтас санал авах байр бүрд нэг байна.
Баримт 6. Санал авах байранд сонгогчдоос саналаа нууцаар, чөлөөтэй илэрхийлэх боломжийг хангасан, хэсэг дэх сонгогчдын тооноос хамааран хоёроос доошгүй тооны санал бэлтгэх бүхээг байх бөгөөд санал авах байр бүрд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан нэгээс доошгүй санал бэлтгэх бүхээгийг тусгайлан тоноглож бэлтгэсэн байна.
Баримт 7. Санал авах байр нь тэргэнцэртэй сонгогч орох боломжоор хангагдсан байна.
Баримт 8. Нэг барилга байгууламж, цогцолборт хэд хэдэн санал авах байр байрлаж болно.
Баримт 9. Санал авах байр санал авах өдрөөс арав хоногийн өмнө тухайн хэсэг дэх санал авах байрын дугаар, нэр, хаяг, байршил, орчин тойрны дэвсгэр зураг /план/-ийг нийтэд зарлан мэдээлнэ.
Баримт 10. Санал авах байрын байршлыг нийтийн эмх замбараагүй байдал, үер ус, гал түймэр зэрэг давагдашгүй хүчин зүйлийн улмаас өөрчилж болох бөгөөд энэ тухай нэн даруй сонгогчид мэдээлнэ.
Баримт 11. Санал авах байрыг бэлтгэх заавар, түүнчлэн саналын хайрцаг, санал өгөх бүхээгийн хэмжээ, загварыг сонгуулийн төв байгууллага батална.
Баримт 12. Санал авах байранд саналын хуудас хүлээн авснаас хойш санал авах байрыг цагдаагийн хамгаалалтад авна.
Баримт 13. Сонгуулийн тухай хуулийн санал авах байрны заалтыг зөрчсөн сонгуулийн байгууллагын ажилтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаагаас найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Баримт 14. Тухайн хэсгийн харьяалагдах сум, дүүргийн Засаг дарга санал авахад шаардлагатай зүйлийг сонгуулийн төв байгууллагаас баталсан зааврын дагуу санал авах өдрөөс таваас доошгүй хоногийн өмнө бэлэн болгоогүй бол Засаг даргыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаагаас найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Баримт 15. Гадаад улсад байгаа сонгогчдын саналыг Улсын Их Хурлаас тогтоосон санал авах өдөр, тухайн улсын орон нутгийн цагаар 07.00 цагаас 22.00 цаг хүртэл хугацаанд салбар комиссын тогтоосон санал авах байранд авна.
Баримт 16. Салбар комисс нь санал авах өдөр, цаг, байрыг уг өдөр хүртэлх хугацаанд гадаад улсад байгаа сонгогчдод зарлан мэдээлнэ.
Баримт 17. Тухайн улсад байгаа Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн сонгогчоос саналаа нууцаар өгөхөд шаардагдах тооны бүхээг бүхий байр, суурин болон битүүмжилсэн саналын хайрцгийг санал авах өдрөөс гурав хоногийн өмнө хариуцаж бэлтгэнэ.
Баримт 18. Санал авах байранд сонгогчдоос саналаа нууцаар, чөлөөтэй илэрхийлэх боломжийг хангасан, хүрэлцэхүйц тооны санал бэлтгэх бүхээг бэлтгэсэн байна.
Баримт 19. Гадаад улсад байгаа сонгогчийн саналыг сонгуулийн төв байгууллагаас эрхлэн хэвлүүлсэн саналын хуудсаар авна.
Баримт 20. Сонгуулийн төв байгууллага нь саналын хуудсыг дугтуйн хамт битүүмжлэн, төв комиссоор дамжуулан салбар комисст гадаад улсад байгаа сонгогчдын санал авах өдрөөс гурваас доошгүй хоногийн өмнө хүргүүлнэ.
Баримт 21. Салбар комисс нь саналын хуудсыг бүрэлдэхүүнээрээ хүлээн авч, энэ тухай тэмдэглэл үйлдэж гарын үсэг зурна.
Баримт 22. Салбар комисс нь саналын хуудсыг гал ус, гэнэтийн аюулд өртөхөөс урьдчилан сэргийлсэн байранд лацдаж битүүмжлэн хадгална.
Баримт 23. Салбар комисс нь санал авах өдөр, цаг, байрыг уг өдөр хүртэлх хугацаанд гадаад улсад байгаа сонгогчдод зарлан мэдээлээгүй бол сонгуулийн байгууллагын ажилтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаагаас найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Баримт 24. Мөн салбар комисс нь саналын хуудсыг бүрэлдэхүүнээрээ хүлээн авч, энэ тухай тэмдэглэл үйлдэж гарын үсэг зураагүй бол сонгуулийн байгууллагын ажилтныг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаагаас найм дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
24tsag.mn
Сэтгэгдэл (2)