Гар утас, компьютероос хэт хамааралтай байх нь хүний ой санамжийг муутгаж байгааг судалгаагаар тогтоожээ. Энэ нь мэдээллийг цээжилж, тогтоохын оронд компьютер дээрээ хадгалж авдагтай холбоотой гэнэ. Судалгаанд оролцсон хүмүүсийн дийлэнх нь ажлын газрынхаа болон гэр бүлийн гишүүдийнхээ дугаарыг хүртэл мэддэггүй болох нь нотлогдсон байна. Их Британи, Франц, Герман, Итали, Бельги, Нидерланд, Люксенбург зэрэг долоон орны 6000 гаруй иргэнээс судалгаа авахад оролцогчдын гуравны нэг нь мэдээллийг ухаалаг төхөөрөмж дээр хадгалдаг гэж хариулжээ.
Түүнчлэн “Kaspersky Lab” цахим аюулгүй байдлын пүүсийн судалгаагаар компьютерт дасалтай хүмүүс “дижитал төхөөрөмжөөс үүдэлтэй ой тогтоолтын гажигтай” болдгийг сануулсан байна. Ийм хүмүүс өөрт чухал мэдээллээ дижитал төхөөрөмжөөс түргэн хугацаанд олж авч чаддаг боловч түүнийгээ амархан мартдаг ажээ.