Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр улс орон даяар эхэлж байна. Энэ жил 37 мянга гаруй хүүхэд ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн. ЭЕШ-ын журамд хэд хэдэн өөрчлөлт орсон бөгөөд элсэгчид чухам юун дээрх анхаарах ямар өөрчлөлтүүд орсон талаарх мэдээллийг 24 баримтаар хүргэж байна.
Баримт 1. Энэ жил элсэлтийн ерөнхий шалгалтын журамд хэд хэдэн өөрчлөлт орсон. Монгол хэл бичгийн шалгалтыг өмнө жил хоёр удаа авч байсан бол 2016 онд нэг удаа авахаар болсон.
Баримт 2. Тухайн хүүхэд Монгол хэл, бичгийн шалгалтад 400-ээс доош оноо авсан тохиолдолд их дээд сургуульд элсэн суралцах боломжгүй болсон байгаа.
Баримт 3. Гэхдээ Монгол хэл бичгийн шалгалтдаа тэнцээгүй ч гэсэн бусад сонгосон хичээлийн шалгалтаа өгөх хэрэгтэй.
Баримт 4. Учир нь дараа жил нь Монгол хэл бичгийн шалгалт дахин өгөөд тэнцвэл их дээд сургуульд элсэн суралцах боломжтой болно. Өөрөөр хэлбэл, энэ жил өгсөн хичээлийн дунгийн батламж нэг жил хүчинтэй болсон гэсэн үг.
Баримт 5. Монгол хэл бичгийн шалгалтын дүн 2.5 жилдээ хүчинтэй байхаар болсон.
Баримт 6. Өнгөрсөн жил Монгол, Англи, Орос хэлний хичээлийн шалгалтын материалын агуулгад сонсох даалгавар энэ жилээс эхлэн оноонд нөлөөлнө. Тэгэхээр тухайн хүүхэд шалгалтын үеэр тест болон сонсох дасгалтай ажиллах болж байгаа юм.
Баримт 7. Монгол хэлний тухай хууль батлагдсантай холбоотойгоор монгол хэлний шалгалтын 4/1 буюу 25 хувь нь Монгол бичгийн даалгавар байхаар болсон.
Баримт 8. Энэ жил шалгалтын хариултын хуудсанд хэд хэдэн өөрчлөлт хийсэн байна. Өмнө жил тестийн хариуг үзгэн балаар бөглөдөг байсан. Харин энэ жил заавал балын харандаагаар бөглөх ёстой болжээ. Ингэснээр тухайн хүүхэд буруу хариулсан тохиолдолд баллуурдаж арилгах боломжтой болох юм.
Баримт 9. Энэ онд төгссөн шалгуулагч төгсч буй сургуулийнхаа харъяалагдах ЭЕШ-ын байранд шалгалт өгнө. Харин өмнөх онд төгссөн шалгуулагчид бүртгүүлэхдээ өөрийн сонгосон аймаг/хот/-ын ЭЕШ-ын байранд шалгалт өгөх бол хөгжлийн бэрхшээлтэй иргэд тусгайлан бэлтгэсэн танхимд шалгалт өгнө.
Баримт 10. Шалгалтад орохдоо Бүртгэлийн хуудас, энэ онд ЕБС төгсч байгаа шалгуулагч сургуулийн захирлаар, өмнөх онд ЕБС төгссөн шалгуулагчид аймаг/дүүргийн ЭЕШ хариуцсан ажилтнаар гарын үсэг зуруулж, тамга тэмдэг даруулж баталгаажуулсан байх, суудлын хуваарь, бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсролын баримт бичиг, цахим үнэмлэх болон мөн түүнтэй адилтгах баримт бичиг, цахим үнэмлэх авах насанд хүрээгүй буюу 2015 оны 06 дугаар сарын 1-нээс хойш 16 насанд хүрэх шалгуулагчид сурч буй сургуулийн захирал эсвэл өөрийн оршин сууж буй орон нутгийн Засаг даргын гарын үсэг, тамгаар баталгаажуулсан, сүүлийн 3 сарын дотор авахуулсан өнгөт цээж зурагтай лавлагааг төрсний гэрчилгээний хамт шалгалтад авч ирнэ.
Баримт 11. Шалгуулагч шалгалтын байранд шалгалт эхлэхээс 1 цагийн өмнө ирсэн байх шаардлагатай бөгөөд шалгалт өгөх анги, танхимд 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байна. Дурдсан хугацаанаас хожимдсон хүнийг шалгалтад оруулахгүй.
Баримт 12. Шалгалтын анги танхимд гар утас, тооны машин, таблиц, томъёоны хураангуй, ном, дэвтэр, ноорог цаас, гарын авлага, цаасан болон электрон толь бичиг, компьютер MP3, MР4, таблет, ухаалаг цаг, дуу хураагуур зэрэг бусдад саад болох, хууран мэхлэх зорилготой ямар нэг зүйлийг авч орохыг хориглоно.
Баримт 13. Гэрээний хуудас нь шалгуулагчийн зурагтай мэдээлэл бүхий шалгалтад орсныг гэрчлэх хуудас бөгөөд шалгуулагч гэрээний хуудсанд бичигдсэн шалгалтын анги танхимд мөрдөх дэгийг ёсчлон биелүүлэхээ гарын үсэг зурж баталгаажуулна.
Баримт 14. Монгол хэл бичгийн шалгалт болон ЭЕШ-ын математик, физик, химийн хичээлийн даалгаврын гүйцэтгэх хугацаа 100 минут байна.
Баримт 15. Харин монгол хэл, англи хэл, орос хэл, биологи, газарзүй, монгол улсын түүх, нийгмийн тухай мэдлэг хичээлийн шалгалтын даалгаврын гүйцэтгэх хугацаа 80 минут байна.
Баримт 16. Хариултын хуудсыг санамжийн дагуу зөвхөн балын харандаагаар тод засваргүй бөглөнө.
Баримт 17. Шалгалтын дэвтэр ба хариултын хуудсыг тарааснаас хойш шалгалтын анги танхимд зөвшөөрөгдсөн эрх бүхий хүнээс бусад хүн орж, гарахыг хориглоно.
Баримт 18. Шалгуулагч биеийн эрүүл мэндийн байдлаас болон бусад шалтгаанаар шалгалтын анги, танхимаас гарсан бол шалгуулагчийн гарах хүртлээ хийсэн даалгаврыг дүгнэж зохих оноог өгнө.
Баримт 19. Шалгуулагч хянагч багшийн заавраар хос баганан кодыг тасархай шугамын дагуу хуваан шалгалтын материалын “баганан код наах хэсэг”-т наана. Шалгалт зохион байгуулах комиссын гишүүд шалгалтын материалыг шалгуулагчдын өмнө тусгайлан бэлтгэсэн дугтуйд хийж битүүмжлэнэ.
Баримт 20. Бүртгүүлэхдээ бусдын данс, гүйлгээний картын мэдээллийг хууль бусаар ашиглан гүйлгээ хийсэн нь иргэний гомдлоор тогтоогдсон тохиолдолд тухайн шалгуулагчийг шалгалтад оруулахгүй.
Баримт 21. Энэхүү журмын 3.7-д заасан хугацаа (цаг, минут)-аас хоцорсон болон мөн журмын 2.14-д заасны дагуу баталгаажилт хийгдээгүй, өөрийн хувийн мэдээлэл, зургийг буруу оруулсан, баганан кодгүй бүртгэлийн хуудсыг хүчингүйд тооцож шалгуулагчийг шалгалтад оруулахгүй.
Баримт 22. Шалгуулагч шалгалтын даалгаврыг гүйцэтгэхдээ бусдаас дэмжлэг авсан, энэхүү журмын 3.8-д хориглосон зүйлийг ашигласан, бусдад тусалсан, бусдаас тусламж авсан, хоорондоо ярилцах зэргээр бусдад саад учруулсан бол шалгалтын журам зөрчсөнд тооцож, тухайн шалгалтын материалыг хүчингүй болгоно.
Баримт 23. Шалгалтад өөрийнхөө оронд хүн оруулсан, бичиг баримтыг хуурамчаар үйлдэн хууран мэхлэхийг оролдсон тохиолдолд тухайн шалгуулагчийн бүртгүүлсэн болон өгсөн бүх шалгалтыг хүчингүй болгоно
Баримт 24. ЭЕШ-д бүртгүүлэх, шалгалтад ороход шаардлагатай болон шалгалтын дүн оноотой холбоотой бичиг баримтыг шалгуулагч хуурамчаар үйлдсэн нь нотлогдсон тохиолдолд холбогдох хуулийн хариуцлага хүлээнэ.
24tsag.mn