Bluetooth стандартын дараагийн хувилбар буюу Bluetooth 5 албан ёсоор ирэх долоо хоногт зарлагдана гэж Bluetooth SIG (Special Interest Group) байгууллагын гүйцэтгэх захирал Марк Пауэл ярьжээ.
Одоогийн хувилбарыг (Bluetooth LE – Low Energy) үлэмж хэмжээгээр сайжруулсан Bluetooth 5-ын дохио дамжуулах зай нь хоёр дахин урт болж, мэдээлэл дамжих хурд нь дөрөв дахин нэмэгдэж байгаа гэнэ.
Bluetooth SIG байгууллагыг Apple, Intel, Microsoft зэрэг технологийн аварга корпорациуд санхүүжүүлдэг юм. Bluetooth 5 хувилбарыг зургаадугаар сарын 16-нд буюу ирэх Пүрэв гарагт Лондон хотод зарлана. Нэрийг энгийн хүнд ойлгогдох, маркетингийг нь хялбар болгох зорилгоор зүгээр л “Bluetooth 5” гэж нэрлэсэн гэнэ.
Шинэ хувилбар интернэтэд холбоотой бүх төхөөрөмжүүдийг (IoT) дэмжиж ажиллахаар бүтээгдсэн тул өмнөхөөсөө илүү өргөн хүрээг хамардаг болох юм байна.