Лувсандагвын Сайнтөгс. Энэ эмэгтэй сүүлийн үед Улаанбаатар хотын гэр хорооллын айлуудыг дахин төлөвлөлтөөр байртай болгож, нийслэлд дэд төвүүдийг байгуулахаар ажиллаад тун завгүй байна. 2012 оны НИТХ-ын гишүүнээр сонгогдсон тэрбээр эхлүүлсэн ажлаа дуусгахаар энэ жилийн сонгуульд ч мөн нэр дэвшиж байна. Ингээд түүний хамгийн сүүлд хэвлэлд өгсөн ярилцлагаас нь онцлох 24 ишлэлийг хүргэж байна.
1. Би 1990 онд эрх чөлөөний үзэл тунхаг төрж түгсэн өлгий эх орон руу нь тэмүүлсэн дээ. Тэр нийгэмд нь эрх чөлөөний утга учрыг таньж мэдэрсэн.
2. Эрх чөлөө, ардчилал гэдэг хоёр үг жинхэнэ утга учраараа нийгэмд үндэслэж суурьшдаг орчин нөхцлийг бүрдүүлэх гээд л бид ажиллаж байна. Энэ хоёр үгийн ид шид хөвөрч ундарч байдаг механизмыг л бүрдүүлэх шатандаа явж байна.
3. Бид хүний тарьсан модыг хашаандаа тарих гээд л хичээгээд тордоод байгаа улс шүү дээ. Мод арчилгаа тордлогоос гадна хөрс шороо, ус ундарга, агаар салхи гээд олон хүчин зүйл хэрэгтэй байдаг шиг энэ хоёр үгийн хувьд ч нийгмийн талаас нь олон зүйл хэрэгтэй болж байна, хойшид ч олон асуудал урган гарна.
4. Одоо бол, бидэнд сэтгэлгээний шинэчлэл, төлөвшил л их чухал байна. Ямарваа нэгэн үйлдэлд тэр хүний ухамсар, боловсрол, мэдлэг, авьяас, чадвар, юманд хандах хандлага гээд бүгд л шингэж туссан байдаг. Тиймээс бид энэ бүгдийг байнга анхаарч, анхаарлын төвд байлгах хэрэгтэй юм, ялангуяа залуу үеийг.
5. Уламжлалын тухайд манайхан зөвхөн танин мэдэхүйн хэмжээ хүрээнд л судлаад, яриад байгаа юм шиг санагддаг. Уг нь ухамсарт нь чиглүүлж, шингээж сургавал бид уламжлалаа сэтгэлгээний түвшинд мэдэж мэдэрнэ.
6. Эрх чөлөө бол хүний туйлын хүслэн, харьцангуй ойлголт. Харин ардчилал бол биежсэн бодитой “туйлын хүслэн” гэмээр юм уу даа.
7. Би зорьсон нийгэмдээ ажиллаж, амьдарч байна. Сайхан байна. Хэрэв ингэж л хэлэх бол заавал нэг “чимэг” хэрэгтэй.
8. Уруугаа харж байсан алга өөдөө харахаар хамаг л юм нь гэрэл гэгээнд ил гарч таарна. Муу муухай нь ч харагдана. Тэр бүгдийг засна уу гэхээс биш, алгаа буцаагаад урвуулчихгүй нь лав. Энэ засвар хэзээ ч дуусахгүй байх, хүнээс үүдэлтэй юм болохоор.
9. Шинэчлэх, шинээр бүтээх хоёрын хоршил чанартай ажил гэж болно. Ер нь бүтээн байгуулалтын ажил бол сэтгэлгээнд чиглэсэн маш чухал ажил. Үүнийг өнгөц, наад утгаар нь “орчин нөхцөл” сайжруулж байгаа гэж томьёолж болох ч, философи утгаараа бол сэтгэлгээ хандлагад чиглэсэн их ажил гэж хэлж болно.
10. Сэтгэлгээ бол үндсийн үндэс. Үүнд ахуй ч хамаарна. Ямар ахуйд аж төрнө, тухайн хүний ухамсар, харьцаа, харилцаа, хүмүүжил, боловсрол, юманд хандах хандлага төдий хэмжээгээр дэвшиж хөгжиж байдаг. Энэ хэмжээгээр иргэдийн нийгмийн оролцоо идэвхжиж байдаг.
11. Би ажлынхаа утга учрыг ийм л утгаар нь ойлгож, мэдэрч байдаг учраас урамтай, тэмүүлэлтэй байдаг.
12. Нэгд сэтгэл, хоёрт ухаан юм. Сэтгэл байхад ухаан аяндаа төрдөг. Улаанбаатар хотын удирдлага ийм л зарчмаар ажиллаж ирсэн.
13. Төр захиргаа бол иргэний төлөөх их ажлыг зохицуулж, төлөвлөж, хэрэгжүүлж, зохион байгуулдаг байгууллага учраас хэзээд иргэнд үйлчлэх ёстой. Тэдний эрх ашгийг эн тэргүүнд тавьдаг, тэдний төлөө шийдвэр гаргадаг байх ёстой байгууллага.
14. Төрийн ажлыг түшмэлээр дамжих шат дамжлагыг л цөөрүүлээд байвал түргэн шуурхай болно.
15. Улаанбаатар хотын удирдлага дээрх хүчин зүйлд ихээхэн анхаарч, тодорхой ажлууд хийж ирснийг иргэд мэднэ.
16. Сонгууль бол 4 жил тутамд болдог. Энэ 4 жилд иргэд сэтгэлгээ, хандлага нь яаж өөрчлөгдсөнөө сонголтоороо тодорхойлчихдог их сонин агшин.
17. Эргэн тойронд нь, ахуй орчинд нь юу өөрчлөгдөж, юунд чиглэж, юунд хөтөлж байгааг иргэд мэдэж ухамсарлаж байгаагаа сонгуулиар илэрхийлдэг учраас сонгууль бол чухал ч юм, сайхан ч юм.
18. Би сонгуулийн ажлаа иргэдтэйгээ уулзаж явуулдаг. Хийсэн болон хийж байгаа, хийх ёстой ажлаа ярилцдаг.
19. Хотын захиргааны бодлого, төлөвлөгөөг ярьж тайлбарлаж, энэ нь иргэдийн санал хүсэлтэй хэр нийцэж байгаа, хэр тусгасан зэргийг тал бүрээс нь ярьж таниулж байдаг юм.
20. Бид заавал сонгууль гэхгүй, ер нь ингэж уулзаж, ярьж таниулах үүрэгтэй улс.
21. Ядрах зүдрэхийн хувьд бол харьцангуй. Хийж бүтээсэн ажил, зорилгоо яриад өдөр хоногоор явахад бие ядрахаас биш, сэтгэл юу гэж ядрах билээ! Нүүр тулан уулзаж ярихаас илүүгээр өөрийгөө ойлгуулах мэдүүлэх арга гэж байх уу!
22. Би зав чөлөөтэй цаг гарвал ном уншдаг, ууланд алхдаг. Бас 4 том дугуйтай, цасны спорт машин байдаг даа, тэрүүгээр давхих дуртай.
23. Сонгууль бол улс төрийн бодлогын сонголт хийх гэдэг утга нь илүү үзэгдэл, үйл явц.
24. Бүтээн байгуулалт бол сонгуулиас хамаарахгүйгээр үргэлжилж байдаг мөнхийн үйл явц юм. Бүтээн байгуулалтыг дэмжих сонголт гэж байхаас, түүнээс татгалзах сонголт гэж байдаггүй.
24tsag.mn
Сэтгэгдэл (5)