Өчигдөр Олон Улсын Хүүхдийн Эрхийг Хамгаалах Өдөр тохиосон. 1950 оноос эхлэн тэмдэглэж ирсэн энэхүү олон улсын өдрийг дэлхийн 50 орчим улс оронд тэмдэглэдэг уламжлал тогтоод даруй 60 гаруй жил өнгөрч байна. Ялангуяа хуучин социалист лагерийн гэгддэг улс орнуудад уг баярыг өргөн хэмжээнд тэмдэглэдэг бөгөөд үзэгч та бүхэндээ энэ жил манай 2 хөршид хүүхдийн баярыг угтаж ямар ямар арга хэмжээнүүд явагдсан талаарх мэдээллийг бэлтгээд байна.
БНХАУ - Бээжин
БНХАУ-ын дарга Ши Жиньпин Олон улсын хүүхдийн баярын өдрийг тохиолдуулан Зүүн Хятадын Тэнгисийн арлууд дээр ажиллаж байгаа албан хаагчдын хүүхэд, багачуудад баярын захидлыг даваа гаригт илгээсэн байна. Тэрээр мэндчилгээндээ "10 жилийн өмнө Дачений арлуудад зочилж, арлын ахмадуудтай буюу хүүхэд багачууд та бүхний өвөө, эмээ нартай уулзаж байсан бөгөөд тэд үнэхээр сайхан хүмүүс байсан" хэмээн бичсэн байна. Захидлын хариуд арлын хүүхдүүд өвөө эмээгийнхээ нэр алдрыг мөнхлөхийн төлөө сайн суралцаж, улс эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах болно хэмээн хэлсэн байна. Дачений арлууд нь Зежиань мужийн Тайжоу эргийн дагуу байрладаг бөгөөд 1956 онд 467 сайн дурын албан хаагчид тус арал дээр очиж суурьшсан түүхтэй юм байна.
БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо мягмар гаригт Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтсан олон арга хэмжээнүүд зохиогдсон байна. Эдгээрийн нэг нь ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын замын хөдөлгөөний дүрмийн үзүүлэх тоглолт байлаа. Энэ өдөр мөн Хятадын баруун өмнөд хэсгийн Чонгкин хотын хүүхэд багачуудын дунд хүрээлэн буй орчныг хайрлаж, хамгаалах сэдвээр зургийн уралдаан явагдсан байна. Хүүхдүүд байгальд хоргүй хөвөн даавуун уутан дээр хүрээлэн буй орчныг хамгаалах сэдвийн дагуу зураг зурж, уралдсан байна. Энэ үеэр сурагчид замын цагдаагийн зохицуулалт, дохио зангааг үзүүлж сонирхуулсан байна. Харин тус улсын Ганьсу мужийн Ланжоу хотын хүүхэд, багачууд мягмар гаригт зохион байгуулагдсан Вейчи буюу го даамны тэмцээнд оролцсон байна.
ОХУ - Москва
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн хүрээнд манай хойд хөрш ОХУ-ын нийслэл Москва хотод өчигдөр хүүхэд багачуудад зориулсан маш олон арга хэмжээнүүд явагдсан байна. Хөтөлбөрийн дагуу Сокольники цэцэрлэгт хүрээлэнд зайрмагны баяр, Красная Пресня цэцэрлэгт хүрээлэнд хүүхдийн хөгжмийн наадам, Бауманы нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнд Москва хотын урлагийн сургуулиудын нэгдсэн тоглолт, Эрмитажийн цэцэрлэгт хүрээлэнд балетийн тоглолт явагдана гэсэн бол мөн хотын амьтны хүрээлэнд хүүхдийн баярт зориулсан томоохон хэмжээний тоглолт зохион байгуулагдана гэсэн байна. Өчигдөр мөн Москва хотын метронд бүтэн өдрийн турш хүүхдийн дуунуудыг эгшиглүүлж байгаа бөгөөд буудал, зогсоол бүрт хүүхэд багачуудад баярын мэндчилгээ дэвшүүлжээ.
Швед - Стокгольм
Америкийн зохиолч Мег Рософф энэ долоо хоногт Шведийн хүүхдийн зохиолч Астрид Лингдрений нэрэмжит шагналыг хүртлээ. Мег Рософф анхныхаа бүтээлийг 2004 онд гаргаж байсан бөгөөд тэр үеэс хойш өнөөдрийг хүртэл нилээд хэдэн ном, зохиол бичиж гаргасны дотор хүүхэд багачуудад зориулсан 6 зохиол, зурагт номуудыг гаргасан байна. Мег Рософф Стокгольм хотноо шагналыг гардан авах үеэрээ Швед улсын дотоод бүтэц, зохион байгуулалтыг магтсанаас гадна мөн Их Британий засгийн газрыг шүүмжилсэн байна. Тэрээр Швед улсыг хүүхдийн ном, зохиол болон хүүхэд багачуудын хүсэл мөрөөдөлд онцгой анхаарал хандуулдаг явдлыг сайшаан магтсан бол эсрэгээрээ чөлөөт цаг олгодоггүй, зөвхөн хичээл, шалгалтыг хүүхдүүдэд чухалчилж, ойлгуулдаг Их Британий бодлогыг буруушаасан байна. Астрид Лингдрений нэрэмжит шагналыг Шведын засгийн газрын санаачилгаар 2002 оноос эхлэн олгож хэлсэн юм. Дэлхийн хүүхдийн зохиолчдод гардуулдаг уг нэр хүндтэй, томоохон шагналыг 5 сая шведын крон дагалддаг байна.
Ганбаатар Мөнх-Эрдэнэ/UBS/