Ээж маань “Үг хэрэх цаг олдоно, дуугүй байлаа гээд хүн бүтэж үхдэггүй юм, бодож ярьж бай” гэж сургадаг байсан хэмээн өгүүлэх Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Б.Ургамалцэцэгийн хэвлэлд өгсөн ярилцлагаас онцлох 24 ишлэлийг хүргэж байна.
Баримт 1. Миний хувьд мэргэжлийнхээ дагуу боловсролын хөгжлийн олон улсын чиг хандлага, боловсрол судлалын чиглэлээр гарч байгаа ном, гарын авлага гэх мэт шинэлэг бүхнийг тогтмол уншиж судлахыг хичээдэг. Ер нь уншиж л байхгүй бол хурдтай хөгжиж байгаа энэ нийгэмд хоцрогдчих гээд байна.
Баримт 2. Манай нам аливаа улс төрийн томилгоог Гүйцэтгэх зөвлөлөөрөө хэлэлцүүлдэг зарчимтай.
Баримт 3. Намын бүх шатны төлөөллийн байгууллагад ажиллаж байсан учраас Шинэчлэлийн Засгийн газарт дэд сайдаар ажиллах санал ирсэн байх. Би 20 жил улс төрийн гал тогоонд намын нөхдийн хамт явж байна. Ардчилсан нам 2012 онд “Монгол хүн 2020” хөтөлбөр боловсруулахад би намын нөхдийн хамт идэвхийлэн оролцсон.
Баримт 4. “Эрдэм боловсролтой Монгол хүн” дэд хөтөлбөрийг боловсруулахад гардан оролцсон. Энэ хөтөлбөр зөвхөн намын хэдэн дарга, гишүүдийн хөтөлбөр байгаагүй. Монгол орныхоо өнцөг булан бүрт очиж, ард иргэдээсээ санал авч боловсруулсан бодлого.
Баримт 5. Боловсролын салбар бол гэгээлэг, бас хариуцлагатай салбарын нэг. Бидний ирээдүй болсон хүүхэд, залуучуудыг эрдэм боловсролтой дэлхийд өрсөлдөх чадвартай иргэн болгох их хувь заяаны асуудлыг шийддэг салбар.
Баримт 6. Би маш сайн баг, сайхан хамт олон, боловсролын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэдэг тийм хүмүүстэй Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайдаар ажиллах хугацаандаа хамтран ажилласандаа бахархдаг. Найзууд маань хүртэл “манай нам” гэж ярьдаг байсан хүн үгсийнхээ санд “манай яамныхан” гээд нэмчихсэн байна гэж цаашлуулдаг юм.
Баримт 7. УИХ-ын 2012 оны сонгуулийн үр дүнд нам маань ялж, боловсруулсан хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн төлөө зүтгэх завшаан надад тохиосон. Хичээж ажилласан шүү.
Баримт 8. Би 2006 оноос намынхаа Үндэсний зөвлөлдөх хороо, Гүйцэтгэх зөвлөлд ажиллаж байна. Манай нам 2012 онд бүх шатны сонгуульд сайн бодлоготой оролцсон. Ард түмнээсээ асуусан бодлого байсан учраас ард түмэн ч итгэл хүлээлгэсэн, бид ч олуулаа болсон. Итгэлийг нь алдаагүй, бодлогоо ч бас сайн хэрэгжүүллээ.
Баримт 9. Би намдаа бол хуучин хүн шүү дээ. Намд элсээд, мөн намын ажил хийгээд 20 жил болж байна. Намын арын албанд ажиллаж байсан ч бодлого боловсруулах, намын ялалт, ялагдал гээд бүх л цаг хугацаанд намын журмын нөхдийн хамт явж ирсэн.
Баримт 10. Өнгөрсөн сонгуулиар намын нэрсийн жагсаалтын 13 дугаарт эрэмблэгдсэн ч яг хамраараа тасдуулна гэдэг шиг л юм болсон доо. /инээв/ Дэд сайдаар томилогдохоос өмнө бол намынхаа гал тогоонд л ажилласан.
Баримт 11. Хүний багадаа сурсан дадал ерөөсөө арилдаггүй юм билээ. Нийгмийн идэвх сайтай байсан, тэр маань одоо ч хэвээр үргэлжилсээр л байна (инээв). Намд элсэхэд тэр зан чанар их нөлөөлсөн байх. МСДН-ын нийслэлийн зөвлөлд улс төрийн ажилтан хийдэг байв.
Баримт 12. Нэгэнт л улс төрийг сонгочихсон юм чинь хатуу хөтүү гэж нялцаганаад байх хэрэггүй гэж боддог. Хэн нэгэн намайг чирээд энэ хатуу тоглоом руу авчраагүй. Өөрийн минь л хийсэн сонголт шүү дээ.
Баримт 13. УИХ-ын гишүүн сонгогчидтойгоо том танхимд уулзахаасаа илүү тэдэнтэй биечлэн уулзвал үр дүнтэй болохыг хараад уулзалтын хэлбэрийг нь өөрчлөх саналыг гишүүндээ тавьж байсан. УИХ-ын гишүүн аль болох сонгогчдоо сонсож тэдэнтэй ойр ажилладаг байх хэрэгтэй л дээ.
Баримт 14. Манай сургууль оюутны хотхондоо 7 хоногт 15 цаг ажиллах эрхийг оюутнууддаа өгдөг байсан. Ингээд би сургуулийнхаа санхүүгийн хэлтэст туслах ажил хийдэг байлаа. Бага гэлтгүй цалингаа аваад амьжиргаандаа нэмэрлэчихнэ. Боломжийн л сэтгэл амар, хичээлээс өөр бодох юмгүй оюутны амьдралаар амьдарсан.
Баримт 15. Америк оюутнууд ихэнх нь зээлээр сурдаг. Аль 50-60-аад оны оюутнуудын мэдээллүүдийг эмхэлж цэгцэлнэ. Тэд одоо хаана ямар ажил, албан тушаал хашиж байгаа гэх зэрэг мэдээллийг шинэчилж мэдээллийн бааз үүсгэнэ.
Баримт 16. Сургуулиа төгсөөд Пентагонид ажилласан. Надад Америкт үргэлжлүүлэн суурьшиж амьдрах зорилго байгаагүй. Тиймээс нэг жилийн эрхэндээ ажиллана гээд ажилд орох анкет бөглөсөн. Ажилд орох ярилцлага өгөхдөө “Би Америкт үлдэхгүй. Нэг жил ажиллачихаад эх орон руугаа буцна” гэдгээ хэлээд ажилд орж билээ.
Баримт 17. Монголдоо ирж сурсан мэдсэнээ хуваалцах нь Пентагонид ажиллахаас илүү гэдэгт итгэж байсан учраас эргэлзээ надад байгаагүй. Пентагонид “Хүүхэд хөгжлийн төв” гэж байдаг. Тэр төвд ахлах багшаар ажилласан. Хугацаагаа дуусгаад 2005 онд нутагтаа ирсэн дээ.
Баримт 18. Өрх гэрт хүүхэд өвдөх шиг хэцүү зовлон байхгүй. Манай ротари клуб 300 гаруй зүрхний эмгэгтэй хүүхдийг эрүүл болгож, олон өрх гэрт аз жаргал бэлэглэсэн.
Баримт 19. Өнөөгийн нийгэмд зөв хандлага бий болж байна. Хүн зөвхөн өөрийнхөө төлөө амьдарч болохгүй шүү дээ. Хүний төлөө сайн үйл хийх ёстой. Би Америкт оюутан болж очоод тэр нийгмийн ялгааг харсан.
Баримт 20. Албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагдаад эхэлбэл болохоо байж байгаагийн шинж гэж боддог
Баримт 21. Би намын арын албанд ажиллаж байхдаа их зүйл сурсан. Дарга, цэрэг болсон хүмүүс албан тасалгааны цонхоор амьдралыг харж болмооргүй юм байна, ард түмнээсээ тасарч болохгүй юм байна гэдгийг сайн ойлгосон. Албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагдаад эхэлбэл л болохоо байж байгаагийн шинж шүү гэж боддог юм.
Баримт 22. УИХ-ын болон орон нутгийн ИТХ-ын 2016 оны сонгууль хаяанд ирлээ. Ард түмнийхээ итгэлийг дааж олонхи болъё гээд манай намынхан зүтгэж байна. Хийж бүтээсэн, эхлүүлсэн ажлаа дуусгахын тулд дахиад ялах хэрэгтэй.
Баримт 23. Манай ээж “Үг хэлэх цаг олдоно, дуугүй байлаа гээд хүн бүтэж үхдэггүй юм, бодож ярьж бай” гэж сургадаг байсан. Хүний гэр бүлийн хүмүүжил гэж том шинжлэх ухаан байна шүү дээ. Хамгийн чухал зүйл. Би үүнийг л баримталдаг.
Баримт 24. Би ялгаварлалд угаасаа дургүй. Хүн мэддэг чаддагаараа, оюун ухаанаараа өрсөлддөг болохоос биш, өмссөн хувцсаараа уралдана гэдэг байж боломгүй зүйл.
24tsag.mn
Сэтгэгдэл (72)