Вьетнам улсад айлчилж байгаа АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама тус улсын Ерөнхийлөгч Тран Дай Квангтай уулзсаны дараагаар хоёр улсын төрийн тэргүүн нар АНУ болон Вьетнамын компаниудын хооронд байгуулагдаж байгаа худалдааны шинэ гэрээг үзэглэх ёслолыг тэргүүлэн оролцсон байна. Цагаан Ордны зүгээс уг гэрээний дагуу хоёр улсын хооронд 16 тэрбум ам.долларын худалдаа явагдах болно хэмээн мэдэгдсэн байна. Эдгээр бүлэг гэрээнд Вьетнамын агаарын тээвэр үйлдвэрлэгч Вьетжет компанид АНУ-ын Пратт, Уитнис компаниуд 135 ширхэг онгоцны хөдөлгүүр нийлүүлэх болон Бойнг компаний зүгээс 100 ширхэг онгоцыг Вьетнам улсад нийлүүлэх тухай тусгагдсан байна. Мөн АНУ-ын Жи-И Винд компани болон Вьетнамын Засгийн газрын хооронд 1000 мегаваттын чадалтай салхин генераторыг хөгжүүлэх гэрээг байгуулсан байна. Хагас зуун жилийн хугацаанд үргэлжилсэн, Вьетнам улсад зэвсэг худалдаалахыг хориглосон хоригийг албан ёсоор цуцалсаныг Б.Обама Вьетнамын төрийн тэргүүнтэй хамт мөн өдөр зарлалаа. Тэрээр өнгөрсөн дайны үеийн ярвигтай түүхийг ардаа орхиж, өсөлттэй хөгжлийн түүчээ болсон тэргүүлэгч улстай хамтран ажиллах шинэ эрин үе эхэлж байгааг онцлон тэмдэглэсэн байна.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри болон Вьетнамын Гадаад хэргийн сайд Фам Бин Миний нар Вьетнам улсад АНУ-ын Peace Corps байгууллагын хөтөлбөрийг анх удаагаа хэрэгжүүлж эхлэх хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслолыг тэргүүлсэн байна. Гэрээний дагуу Вьетнамын Ханой болон Хо Ши Мин хотуудад Peace Corps-ийн зүгээс англи хэлний сургалтын хөтөлбөрийг явуулахаар болж байна. Жон Керри энэхүү хөтөлбөр нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны шинэ алхам болох болно хэмээн онцолсон байна. Хөтөлбөрийн дагуу 2017 онд Вьетнам улсад 20 сайн дурын ажилтан хүрэлцэн ирж англи хэл заах бөгөөд цаашдаа үйл ажиллагаагаа улам өргөжүүлэн тэлэх ээр төлөвлөж байгаа юм байна.
Ганбаатар Мөнх-Эрдэнэ/UBS/
Сэтгэгдэл (1)