Даваа гаригт Ираны нийслэл Тегеран хотноо Иран, Афганистан улсын Ерөнхийлөгч болон мөн Энэтхэгийн Ерөнхий Сайд нар уулзсан байна. Гурван орны удирдагчид уулзалтын үеэр олон сэдвээр хэлэлцсэний дотор мөн Энэтхэг улсын 500 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар босох Ираны стратегийн ач холбогдол бүхий боомтын төслийн талаар ярилцсан байна. Ираны Чабахар боомтын төслийг хэрэгжүүлснээр Төв Азийн далайд гарцгүй улс орнуудад худалдааны шинэ зам нээгдэж, уг боомтыг ашиглан гадаад худалдаагаа өргөн хэмжээнд явуулах боломж нээгдэх юм. Өнгөрсөн жил Иран улс цөмийн хөтөлбөрөө хязгаарласнаар тус улсын эсрэг их гүрнүүдийн тавьсан хоригууд цуцлагдсаны дараагаар Тегераны зүгээс дэлхийн эдийн засгийн системд эргэн нэгдэх бүхий л арга замыг эрэлхийлж эхлээд байгаагийн нэг жишээ нь энэхүү боомтын төсөл болж байна.
Ганбаатар Мөнх-Эрдэнэ/UBS/