EgyptAir компаний 804 дүгээр нислэгийг үйлдэж байгаад Газар дундын тэнгист осолдсон онгоцноос олдсон зарим эд зүйлсийг Египетийн зэвсэгт хүчний зүгээс бямба гаригт танилцуулсан байна. Парисаас Кайр хүрэх замдаа осолдсон уг онгоцонд зорчигч болон багийнхан гээд нийт 66 хүн байсан бөгөөд бүгд амь үрэгдсэн хэмээн үзэж байгаа юм. Эрлийн багийнхны хийсэн онгоцны ослын үлдэгдлийн дүрс бичлэгт онгоцны эвдэрхий суудал, аврах хантааз, онгоцны багийнхны хувцасны урагдсан тасархай гэх мэт зүйлсийг танилцуулсан байна. Египетийн зэвсэгт хүчнийхний мэдэгдсэнээр осолдсон онгоцны үлдэгдлийг Газар дундын тэнгисийн зүүн хэсгээс буюу Александриа хотоос хойд зүгт 290 км-ийн зайд орших далайн уснаас олсон байна.
Ганбаатар Мөнх-Эрдэнэ/UBS/