Бангладешт хоёрхон өдрийн дотор 81 хүн аянганд цохиулан амиа алджээ. Тус улсад хоёр долоо хоногийн турш агаар маш их халсны дараа аянгат бороо орж эхэлсэн байна. Бангладешийн Онцгой байдлын сайд Мофаззал Хоссейн Чоудхури “Хоёрхон өдрийн дотор ийм олон хүн аянганд цохиулж амиа алдсан нь Бангладеш төдийгүй дэлхийд цөөн тохиолдсон байх. Сүүлийн жилүүдэд цаг агаарын өөрчлөлтөөс болж аянга буух нь ихэссэн” гэжээ.
Аянганд цохиулж амиа алдсан хүмүүсийн ихэнх нь Бангладешийн төв болон хойд хэсэгт амьдардаг аж. Уг бүс нутагт өнгөрсөн жил 17 хүн аянгад цохиулжээ.