Парисаас Кайр хүрэх Египетийн иргэний агаарын тээврийн EgyptAir компаний зорчигч тээврийн онгоц пүэв гаригийн үүрээр Газар дундын тэнгист осолдсон болохыг Египетийн албаныхан албан ёсоор мэдэгдээд байна. Онгоцонд зорчигч болон нислэгийн багийнхан гээд нийт 66 хүн байсны дотор 2 нялх хүүхэд байсан талаар мэдээлсэн байна. Уг онгоц орон нутгийн цагаар пүрэв гаригийн үүрийн 2 цаг 45 минутанд радараас алга болсон бөгөөд тухайн үед 11.2 км-ийн өндөрт нисч явсан байна. Египетийн иргэний агаарын тээврийн албанаас EgyptAir компаний 804 дүгээр нислэгийг үйлдэж байсан Эйрбус А320 загварын уг онгоц Египет улсын агаарын хилийг нэвтрэн орж ирээд 16 км замыг туулсны дараагаар буюу Газар дундын тэнгисийн боомт хот болох Александриа хотоос хойд зүгт 280 км-ийн зайнд радараас алга болсон гэжээ. Египетийн зэвсэгт хүчний албан хаагчид онгоц унасан байж болзошгүй бүсэд онгоцны үлдэгдэл болон амьд үлдэгсдийг эрж хайх, аврах ажиллагааг явуулж эхэлсэн байна. Онгоцны зорчигчдын ар гэрийнхэн Парис болон Кайр хотын нисэх онгоцны буудалд цугларан, ослын талаарх мэдээллийг хүлээсээр байна.
Ганбаатар Мөнх-Эрдэнэ/UBS/