ДЭМБ-ын Ерөнхий захирал Маргарет Чан Женев хотноо Зика вирусын талаар хамгийн сүүлийн үеийн мэдээллийг хийлээ. Тэрээр дэлхийн хэмжээнд өнөөдөр 59 улс оронд Зика вирусын халдварын тохиолдол илрээд байгаа гэсэн байна. Мөн тэрээр дэлхий ертөнц өнөөдөр эрүүл мэндийн ноцтой аюул тулгарах мөчид "бэлтгэгдээгүй" байна хэмээн онцлон хэлсэн бөгөөд ирэх 8 дугаар сард явагдах гэж байгаа зуны Олимпийн наадмын үеэр Бразил улсыг зорих тамирчид, үзэгчид болон жуулчдын эрүүл мэндийн асуудалд анхаарал хандуулах хэрэгтэй байгааг дурьджээ.
Хатагтай Чан "Зика вирусын тохиолдол дэлхийн 59 улс оронд бүртгэгдээд байна. Дэлхийн хүн амын хөдөлгөөнд хориг тавина гэж байхгүй ээ. Хүмүүс аялах, жуулчлах, сурах болон ажил хэргийн гэх мэт олон шалтгаанаар өөр улс орнуудад аялдаг. Тэгэхээр халдварт өвчний аюул эрсдлээс урьдчилан сэргийлэх боломжит арга зам юу вэ гэсэн асуулт уган гарч ирнэ. Хамгийн үнэн зөв баримт, нотолгоо, мэдээллийг олж авах, гаргаж тавих асуудал үүний ганц хариулт юм. Тэдгээрийн үнэн зөв баримт, мэдээллийг хүн ард, олон нийттэй цаг алдалгүй хуваалцсанаар аюул, эрсдлийн хэмжээг багасгах сайн талтай юм. Өнөөдөр эрсдлийн үнэлгээ тооцоо болон эрсдлийн зохицуулалт хамгийн чухалд тооцогдож байна" гэжээ.
/UBS.MN/