Халуун дулааны улирал эхэлж байгаа учир машин болон агааргүй битүү орчинд бага насны хүүхдээ үлдээхгүй байх, цоожлохгүй байх хараа хяналтгүй орхихгүй байхын эцэг эхчүүдэд цагдаа болон онцгой байдлын газраас анхааруулж байна.
Машины хаалгаа тайлж чадахгүй, цонхоо онгойлгож мэдэхгүй хүүхэд битүү агааргүй орчинд байсаар байгаад бүтэж амиа алдах аюултай. Амиа алдахад аравхан минут болно. Хэрвээ ийм тохиолдолд хариуцлагагүй ээж аавын буруугаас болж хүүхдийнхээ амийг хохироовол эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй юм.
Өчигдөр гэхэд цахим хуудсанд бага насны хүүхэд машиндаа цоожлогдож, онцгой байдлын алба хаагчийг хүүхдийг гаргах аврах ажиллагааг үзүүлж байгаа зураг олон нийтэд сэрэмжлүүлэгээр хүрэв.
Сэрэмж илүүдэхгүй, хариуцлагатай байя. Манайхан хэнэггүй хүмүүс байдаг. Хүүхдээ машиндаа тоглож байна биз дээ гэж бодоод түгжиж үлдээчихээд дэлгүүр хэсэх, хоолонд орох, худалдаа наймаа сонирхох зэргээр яваад өгдөг. Хэрвээ тэгж явахаар бол цонхыг нь тодорхой хэмжээгээр буюу агаар орох зайтай үлдээгээд яваарай. Өнгөрсөн зургадугаар сард Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт нэг нас 7 сартай хүүхэд машиндаа түгжигдчихээд ээж аав нь сандарч бөөн юм болж байсан удаатай. Хүүхэд юу ч мэдэхгүй цонхоор ээж аавыгаа хараад баярлаад тоглоод байдаг юм билээ. Сүүлдээ халууцаж, агааргүйдэж уйлж эхэлсэн. Ээж аав нь хүүдээ машины түгжээ тайлах товчийг зааж өгч гарыг нь дагуулж хөдөлгөөн хийлгэсэн ч бага насны хүүхэд ойлгож мэддэггүй юм билээ. Арга барагдсан аав сүүлдээ цонхоо хагалж байж хаалгаа онгойлгож хүүгээ авч байсан удаатай. Ийм л аюултай ийм л эрсдэлтэй цаг үе ирсэн байгаа шүү эцэг эхчүүд, асран хамгаалагч нараа.
Эцэг эхчүүдийн хариуцлагагүйгээс аагим халуунд машинд түгжигдсэн бага насны хоёр хүүхэд ухаан алдаж байсан маш саяхны жишээ бидэнд байна. Тухайлбал, өнгөрсөн оны наймдугаар сарын 23-нд хоёр бяцхан хүүхэд машинд цоожлогдон, агааргүйтсэнээс ухаан алдсан байсныг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид хурдан шуурхай тусламж үзүүлж, бага насны хүүхдүүдийн амь насыг аварсан сайн үйлс бүтээж байсан удаатай. Харин цагдаагийн болон эмнэлгийн байгууллагад ийм төрлийн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн гэх тоон мэдээлэл байхгүй байна. Учир юу вэ гэвэл эцэг эхчүүд өөрсдийн буруугаас үр хүүхдээ машинд цоожилж явдаг учраас энэ тухайгаа цагдаа болон эмнэлгийн байгууллагад мэдэгддэггүй талтай.
Үр хүүхдээ машиндаа цоожлоод, зуны бүгчим халуунд ажлаа амжуулж яваад хүүхдийн эрхийг зөрчсөн, амь нас, эрүүл мэндээр нь хохироосон тохиолдолд эцэг эхчүүдэд хуулийн хариуцлага хүлээлгэнэ. Тодруулбал, Эрүүгийн хуулийн 118-р зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэх юм. Тодруулбал, 118.1. Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хуулиар хүлээсэн асран хамгаалах үүргээ шунахай зорилгоор урвуулан ашигласан, асран хамгаалж байгаа хүнээ хараа хяналтгүй байлгасан, шаардлагатай тусламж үзүүлэлгүй орхисон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ. Тиймээс халууны улирал эхэлж байгаа энэ өдрүүдэд анхаарал болгоомжтой байж, үр хүүхдээ машиндаа цоожилж, үлдэхгүй байхыг анхааруулж байна.
Сэтгэгдэл (2)