Өнгөрсөн гуравдугаар сарын 20-ны өдөр НӨАТ-ын урамшуулалын долоо дахь удаагийн сугалааны тохирол болж 400 саяын нэг азтанг тодруулсан билээ. Гэвч азтан сугалааны баримтаа бүртгүүлээгүйн улмаас асуудал үүссэн юм. А.Цэенпил, Алтанзул гэх хоёр эмэгтэй өөрсдийгөө 400 саяын азтан хэмээн мэдээлсэн ч дээрх хоёр эмэгтэйн хэн нь жинхэнэ азтан болох нь тодорхойгүй нөхцөл байдал үүсээд удаж байна. Гааль, Татварын Ерөнхий газраас “400 саяын жинхэнэ азтан тодроогүй байгаа” гэх тайлбарыг хийсээр байгаа билээ.
Өөрийгөө азтан гэж буй А.Цэенпилийн хувьд Нийтийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгт хандаад байсан юм. Тэгвэл өнөөдөр А.Цэенпилийг Эрүүгийн цагдаагийн газраас хуурамч бичиг баримт үйлдсэн хэмээн байцааж эхэлсэн байна.
Энэ талаар А.Цэенпилийн эгч А.Баяржаргал ярихдаа “Гааль, Татварын Ерөнхий газраас өргөдлийнхөө асуудлаар ирж уулзах шаардлагатай гэж дуудсан. Тэнд очиход нэг давхарт хүлээж бай. Тэнд уулзалт хийнэ гэж хэлсэн. Тэнд сууж байхад Эрүүгийн цагдаагийн ахлах дэслэгч залуу орж ирээд “Сугалааны хонжворын мөнгөө авч чадаагүй юм байна” энэ талаар чинь ярих юм байна гээд оффис руу гаа аваад явсан. Эрүүгийн цагдаагийн газарт ирээд дүүгээ цагдаагийн өрөө рүү нь оруулчихаад нилээн хүлээсэн. Ингээд үүдээр нь шагайгаад харсан чинь манай дүү уйлаад байх шиг байсан. Тэгэхээр нь өмгөөлөгч рүү нь залгаад дуудсан” гэв.
Харин А.Цэенпилийн өмгөөлөгч Г.Атармаа “А.Цэенпилийн хувьд бол Оргил худалдааны төвөөр үйлчлүүлээд 19000 төгрөгөөр худалдан авалт хийгээд азтан болсон. Баримтаа зохих журмынх нь дагуу аваачиж өгсөн. Өнөөдрийн хувьд баримт бичиг хуурамч байна гэсэн шалтгаанаар тайлбар авч байгаа юм байна. А.Цэенпилийн хувьд би хуурамчаар үйлдээгүй гэж байгаа. Гааль, татварын газар сугалаат хонжвор зарлачихаад иргэнээ эрүүгийн гэмт хэрэгтэн болгохоор улайрч байна уу гэж харж байна” гэлээ.
Гааль, татварын Ерөнхий газраас А.Цэенпилийг хуурамчаар бичиг, баримт үйлдсэн байж болзошгүй. Шалгаж өгнө үү гэсэн хүсэлтийг ЦЕГ-т гаргажээ.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (25)