Афганистан улсын үндэстний цөөнх болох хазарчууд өнөөдөр нийслэл Кабул хотод эсэргүүцлийн жагсаал зохион байгууллаа. Хазарчууд голлон амьдардаг Афганистаны төв хэсгийн уулархаг Бамиян мужийн дагуу олон сая ам.долларын өртөг бүхий цахилгааны шугам татах ТУТАП төслийг 2013 онд өөрчилж, тус мужийн зүүн хэсэгт орших Парван мужийн газар нутгаар дайруулан барихаар болсон явдлыг эсэргүүцэн, цахилгааны шугам татах төслийг анхны төлөвлөгөөний дагуу явуулахыг шаардан уг жагсаалыг зохион байгуулсан байна. Даваа гаригийн үүрээр эхэлсэн хазарчуудын жагсаал Кабул хотын баруун хэсгээс эхэлсэн бөгөөд жагсагчид Ерөнхийлөгчийн ордныг чиглэн жагсаалаа үргэлжлүүлсэн тул хотын төв хэсэг рүү нэвтрэх гол замын уулзвар, гарцуудыг цагдаагийн албаныхан контейнер болон бетонон хавтангууд ашиглан хаасан байна. Бүрэн зэвсэглэсэн цагдаа нар болон тусгай тасгийн албан хаагчид нийслэл хотын өнцөг булан бүрийг хамгаалалтанд авч эхэлсэн байна. Учир нь өнгөрсөн жилийн 11 дүгээр сард мөн л хазарчуудын эхлүүлсэн жагсаал, цуглааны үеэр мөргөлдөөн гарч, хүчирхийлэл үйлдэгдсэн бөгөөд энэхүү байдлыг давтахгүйн тулд ийнхүү хамгаалалтыг чангатгаж байгаа талаар эрх баригчдын зүгээс мэдэгдсэн байна. Эрх баригчид жагсагчдыг Ерөнхийлөгчийн ордонд ойртохгүйгээр жагсаалаа үргэлжлүүлэхийг зөвлөсөн байна.
Ганбаатар Мөнх-Эрдэнэ/UBS/
Сэтгэгдэл (2)