Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах “Корпорайт” зочид буудалд гал гарлаа гэсэн дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах анги, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах, аврах 10-р анги, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах, аврах 14-р ангийн албан хаагчид очиж шуурхай ажиллан галыг унтраагаад байна.
Онцгой байдлын албан хаагчдыг очиход тус зочид буудлын суурийн давхарт байрладаг цахилгаан хуваарилах самбарын цахилгааны утаснаас гал гарч, цахилгааны утсаа даган долоон давхар хүртэл шатаад байсан аж.
“Корпорайт” зочид буудлынхан тухайн үед үйл ажиллагаа явуулаагүй байсан гэж мэдэгдээд байгаа хэдий ч гал түймрийн улмаас хоёр иргэн угаартсан байдалтай байсныг Яаралтай түргэн тусламжийнхан эмнэлэгт хүргэхээр авч явсан байна.
Одоогийн байдлаар галыг бүрэн унтраасан ч өрөөнүүд утаагаар дүүрсэн тул хайгуулийн ажиллагаа явуулж байна.