1899 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр мэндэлсэн, өдгөө 116 настай итали улсын иргэн Эмма Морано өнөөдрийн байдлаар дэлхийн хамгийн өндөр настай хүнээр тодорсон байна. Мөн тэрээр 1800-аад он буюу 19 дүгээр зуунд мэндэлсэн, одоо амьд байгаа дэлхийн хамгийн сүүлчийн хүн болсон байна. Түүний өмнөх энэхүү амжилтын эзэн, АНУ-ын иргэн Сузанна Мушатт Жонс 4 сарын өмнө Нью-Йорк хотноо таалал төгссөний дараа тэрээр дэлхийн хамгийн өндөр настай хүнээр тодроод байна. Эмма Морано Италийн хойд хэсгийн Вербаниа хотод нэг өрөө байранд амьдардаг бөгөөд түүнийг хамаатны хоёр дүү болон хувийн асрагч нь эргэж тойрон, асардаг ажээ. Тэрээр урт насалсныхаа нууцыг өдөр бүр түүхий өндөг иддэг хачирхалтай гэмээр хоолны дэглэмтэйгээ холбон тайлбарласан байна. Түүний эмч доктор Карло Бава АП агентлагт өгсөн ярилцлагадаа түүний төрөл садангууд ч мөн 100 хүрч урт насалсныг дурьдсан байна. Итали улс, ялангуяа Газар дундын тэнгисийн Сардини арлын оршин суугчид зуу насалдгаараа алдартай бөгөөд Миланы Их Сургуулийн геронтологичид 116 настай Эмма Морано болон 105-с дээш настай бусад италичуудын хамтаар судлаж эхэлсэн байна.
Ганбаатар Мөнх-Эрдэнэ/UBS/
Сэтгэгдэл (1)