“Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам”-ын дарга Ш.Төмөрсүхийн биед халдахыг завджээ. Түүн рүү тавдугаар сарын 14-ны үүрээр гурван залуу дайрч боож унагаахыг оролдсон хэрэг гарсан байна.
Энэ талаар тэрбээр өөрийн цахим хуудаснаа “Амь насанд минь халдахыг завдлаа. Би Багануурт байдаг тариан талбайгаа эргэчихээд 2016.05.14 -ны үүрээр 04.49 минутанд орц руугаа орох гэж байтал миний араас дагаж зохион байгуулалтай байж болох 3 хүн надад халдаж араас боож, цохиж би уналгүйгээр эсэргүүцэж амиа аварч чадлаа. Оффшор данстай хулгайчдын хөрөнгийг хурааж, цаазаар авах ёстой гэж хэлсэнээс хойш машинаар хүмүүс дагаад байгаа юм шиг санагдсан мэдрэмж хоосон биш байж. Тэр хүмүүсийн араас хөөж гүйсэн. Номергүй жийп хүлээж байгаад авч зугтсан. Үгээ үнэнээр хэлсэн хүнд амьд явах баталгаа алга. Би алагдаж магадгүй. Гэхдээ үхлээс айхгүй, үнэний төлөө үзэл бодолдоо хэвээр байх болно... Айхгүй ч гэсэн үр хүүхдээ бодохоор айж л байна. Олноороо тэмцмээр байна...” хэмээн бичиж, дүрс бичлэгийн хамтаар өөрийн хуудаснаа байршуулжээ. Тэрбээр тухайн үеийн бичлэгийг СӨХ-ийнхөө тавьсан камернаас бичиж авсан байна.
Уг хэрэгтэй холбоотойгоор Ш.Төмөрсүх БГД-ийн цагдаагийн хэлтэст хандаад байгаа аж. Мөн тэрбээр энэ талаараа “Цагдаагийн байгууллагад хандсан. Надад тайлбарлахадаа хурдан ирлээ шүү гэсэн. БГД-ийн цагдаа үдээс хойш 15.00 ирээд камер хамт шүүе гэсэн очоод шүүсэн боловч 3 залуу дүрээрээ гарч ирэв. Гэвч миний зурагтай бичлэгийг устгасан юм уу, бүү мэд. Тэд надад хэлэхдээ 3 залуу мөн танай СӨХ -ийн камертэй таарч байна. Гэвч таны явж байгаа харагдахгүй тул тань руу довтолсон гэж үзэхэд бэрх. Орой 17.00 цагт ярина гэсэн одоо хүртэл дуудахгүй л байна” хэмээн өөрийн цахим хуудсаараа мэдээллээ.
Сэтгэгдэл (30)