Дэлхийд хамгийн томд тооцогдох Дадааб хот дахь дүрвэгсдийн хуаранг хааж, тэнд байгаа хэдэн зуун мянган хүнийг эх орон руу нь буцаах эсвэл бусад орон руу шилжүүлэх хуваарийг боловсруулж эхэлсэн тухайгаа Кенийн Дотоод хэргийн сайд мэдэгдсэн байна.
Тэрбээр "Бид улс орныхоо аюулгүй байдлын асуудлыг хойш тавиад хөрш орнууд болон тусламж хэрэгтэй хүмүүст чин сэтгэлээсээ тусалсан. Одоо бидний хувьд өөрийн орны иргэдийн аюулгүй байдалд анхаарах цаг болжээ" хэмээв. Хуаранг хаах болсон нь Кени Улсын үндэсний аюулгүй байдалд үүсч буй хүндрэлтэй холбоотой аж. Түүнчлэн энэ хуаран Сомалид төвтэй “аль-Шабааб’’ гэх террорист байгууллагын гишүүдийн орогнодог газар нь болоод байгаа юм байна.
Дүрвэгсдийн хуаранд одоогоор 330 мянга орчим цагаач, дүрвэгсэд толгой хоргодож байгаагийн олонх нь Сомали Улсьш иргэд аж. Сомалид дэгдсэн иргэний дайнаас дайжсан хүмүүсийг хүлээн авч байрлуулахын тулд уг хуаранг 1991 онд байгуулсан байна. Харин 2011 онд Сомалид өлсгөлөн, ган гачиг болсны улмаас олон тооны дүрвэгсэд энэ хуаранд амьдрах болжээ.