Сагсан бөмбөгийн “Мөнгөн цагариг” клубээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Холбоодын цом’’-ын тэмцээний тов гарчээ. Найм дахь удаагийн тэмцээн ирэх сарын 8-нд Спортын төв ордонд эхэлнэ. Өнгөрсөн жилийн тэмцээнд 20 гаруй спорт холбоо оролцож байсан. Тэгвэл энэ удаагийн тэмцээнд одоогоор 14 спорт холбоо багаа оролцуулахаар мэдүүлгээ өгөөд байгаа аж. Энэ талаар “Мөнгөн цагариг"-ийн захирал Г.Нямдоржоос тодруулахад, "Тэмцээний зохион байгуулалт өндөр төвшинд болно. Шагналын сан ч нэмэгдсэн. Энэ жил олимп болно. Тэр утгаараа уг тэмцээнд олимпийн наадамд оролцох эрх авсан тамирчдыг оролцуулахгүй. Тиймээс эрх авсан тамирчдаасаа уучлалт гуйж байна. Зөвөөр ойлгоорой. Сагсан бөмбөгийн спорт нь маш өндөр темптэй болдог учраас гэмтэж бэртэх магадлалтай. Тэр утгаараа эрхээ авсан тамирчдыг энэ тэмцээнд оролцохыг хориглож байгаа юм. Бусад тамирчдад нээлттэй" гэв.