Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид 85 дахь үзвэрийн жилийн нээлтээ өнгөрсөн сарын 12-нд Уильям Шекспирийн “Ромео Жульетта” сонгодог жүжгээр эхэлсэн билээ. Тэгвэл энэхүү жүжгийг үзэгчдийн хүсэлтээр дахин тоглохоор болсон байна.
Тодруулбал, өнөөдөр 18:00 цагт, маргааш 17:00 цагаас тоглохоор болжээ.
Монголын театрын тайзнаа гурав дахь удаагаа Төрийн соёрхолт, найруулагч Н.Наранбаатарын цоо шинэ дэг тавилтаар амилж байгаа жүжгийн гол дүрүүдэд залуу жүжигчдийг тоглуулж байгаагаараа ихээхэн онцлог болж буй. Энэ удаа Ромеогийн дүрд Б.Шинэбаяр, Жульеттагийн дүрд О.Дөлгөөн нар тоглож байна.
1966 онд анх Монголын театрын тайзнаа “Ромео Жульетта” жүжиг С.Гэндэн найруулагчийн найруулгаар Хүүхэд залуучуудын театрт тавигдаж, Ромеогийн дүрд жүжигчин У.Готов агсан, Жульеттагийн дүрд жүжигчин Б.Энхтуяа нар тоглож байсан юм. Харин 30 жилийн дараа 1996 онд найруулагч Ч.Найдандорж мөн Ч.Чимид гуайн орчуулгаар, яг зохиолын дагуу сонгодог хэлбэрээр нь тавьж гол дүрд жүжигчин О.Гэрэлсүх, Г.Алтанбагана, И.Одончимэг, Г.Урнаа нар тоглосон билээ. Харин энэ удаад Х.Мэргэн гуайн орчуулгаар тавьж буйгаас гадна Уильям Шекспирийн зохиолыг бага зэрэг “эвдэж”, зөвхөн агуу хайрын түүхийг бус өнөөгийн нийгмийн гажуудал, хүмүүсийн зан байдал, шунал хүсэл, үнэт зүйлийн хэмжүүрийг харуулахыг зорьсноороо онцлог гэдгийг уран бүтээлчид нээлтийн үеэр хэлж байсан юм.
ДҮРҮҮДЭД:
Ромео Монтекки - Б.Шинэбаяр
Жульетта Капулетти - О.Дөлгөөн
Меркуцио Гуерцшү - Э.Тодгэрэл
Тибальт Валенцио - Г.Алтангэрэл
Бенволио - Б.Золжаргал
Лоренцо С.Болд-Эрдэнэ /СТА/
Өрлөг эх – Ж.Оюундарь /МУГЖ/
Антонио Капулетти – Г.Эрдэнэбилэг /СТА/
Хатагтай Капулетти – жүжигчин Н.Баярмаа
Никколо Монтекки – Г.Амгаланбаатар /СТА/
Хатагтай Монтекки – жүжигчин Г.Номуун
Энэ бол Верона хот. Энэрэлгүй хорслын талбар. Капулетти, Монтекки гэх хоёр удмынхан эд баялаг, зэрэг зиндаа адил ч эртнээс нааш сөргөлдөж, цусан өсөөр сүлбэлдэн цаг үргэлж дайсагнаж иржээ. Хорсол өвөрлөсөн хоёр гэр бүлийн хүүхдүүд болох РомеоЖульетта хоёрын эмгэнэлт хайр шиг ийм гунигт түүх орчлон хорвоо дээр олон тохиохгүй биз ээ. Эрх мэдэл, эд баялаг, нэр төрийн золиосонд ариун үнэнч хайрын гал дөл бөхсөн ч хүн төрөлхтний зүрх сэтгэлд мөнхийн гэрэлт бамбар болон ассаар үлдээ.
... Аяа аврал зөвхөн ХАЙРАНД оршдог.