Японы автомашин үйлдвэрлэгч Ниссан компани болон Мицубиши корпораци стратегийн түвшинд хамтран ажиллахаар боллоо. Пүрэв гаригт Ёкохама хотноо байрлах Ниссан Мотор Компаний төв байранд зохион байгуулагдсан хоёр компаний хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр Ниссан компаний ерөнхий захирал Карлос Госн энэ талаар мэдэгдсэн байна. Тэрээр Ниссан компани Мицубиши корпорацийн нийт хувьцааны 34 хувийг худалдаж авч байгааг зарлан, энэ нь аль аль талдаа ашигтай гэрээ болсныг тэмдэглэн хэлжээ. Мөн тэрээр тус компанид 2.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх болно хэмээн мэдэгдсэн байна. Хэвлэлийн бага хуралд Карлос Госны хамт мөн Мицубиши корпорацийн ерөнхий захирал Осаму Масуко оролцсон байна.