Моссак Фонсека хуулийн фирмээс алдагдсан 11.5 сая нууц материал олон нийтэд дэлгэгдэж, дэлхий нийтийн анхаарлыг энэ зүг рүү хандууллаа.
Олны анхаарлыг татаад буй оффшор данстай эрхмүүдийн талаарх "Панамын материалууд"-д манай улсын 49 иргэн багтсан бөгөөд оффшор бүсэд данстай гэдэг нь илчлэгдсэн юм. Хэдийгээр оффшор данс, оффшор компанийн тухайд бизнесийн эрх зүйн үүднээс хууль бус гэж үздэггүй ч энэхүү үйл ажиллагаанд улстөрчид, улс орнуудын төрийн тэргүүн, Ерөнхий сайд, парламентын гишүүд холбогдох нь зохисгүй үйлдэл юм.
Тиймээс ч оффшор бүсэд данстай улс төрчдийг олон нийт хатуухан шүүмжилж, тэд ч нэрээ цэвэрлэхээр “Панамын материалууд"-ыг үгүйсгэж эхэллээ. 24tsag.mn оффшор данс гэж чухам юуг хэлдэг мөн манай улсаас тус бүсэд данстай хүмүүс чухам юу гэж “арьсаа хамгаалж” байгаа талаарх мэдээллийг 24 баримтаар хүргэж байна.
Баримт 1. Кёкүшюзан Д.Батбаяр оффшор данстангуудын жагсаалтад багтсан. Японы сумогийн дэвжээнээс амжилтын гараагаа эхэлж, Монголын парламентад гишүүн, Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байсан эл эрхэм дэлхийн “нууц ноёнтон”-уудын нэг болж, хар жагсаалтад багтав.
Баримт 2. Тэрбээр энэ талаараа "Японд байхдаа данс эзэмшиж байсан. Цалин, эрүүл мэндийн үйлчилгээ авах зорилготой данс байсан юм. Харин Японоос ирэхдээ тэр дансаа тэглээд, үлдээчихээд ирсэн. Түүнээс биш ямар нэгэн оффшор данс биш гэдгийг мэдэгдэж байна. Ардчилсан намаас нэг хүний нэрийг заавал оруулах зорилго агуулсан байх" хэмээн өчсөн юм.
Баримт 3. Петровис ХХК-ийн Ерөнхий Захирал Ж.Оюунгэрэл ч энэ жагсаалтад багтсан. Монголын хамгийн ашигтай бизнес эрхлэгч хатагтай нарын нэг Ж.Оюунгэрэл гадаадын банкинд чамгүй хэмжээний хөрөнгөтэй болох нь ил боллоо.
Баримт 4. “Грандлайн” ХХК-ийн захирал Б.Чулуудай оффшор данстай болох нь ил болж, олон хүний анхаарлыг татав. Түүнийг Хотын дарга Э.Бат-Үүлийн хүү гэдгээр нь хүмүүс андахгүй. Аавынхаа нэрээр дахин төлөвлөлт хийх эрхийг авч чамгүй олон удаа хэл ам дагуулж байсан нэгэн. Мөн хамтрагч Турк улсын “216 Яапи” ХХК-д их хэмжээний хохирол учруулсан болохыг олон улсын Арбитрын шүүхээс тогтоосон гэх мэтээр түүний талаар таагүй мэдээлэл цөөнгүй бий.
Баримт 5. Харин тэрбээр “Би оффшор дансгүй найзтайгаар хамтарч байгуулсан компани маань үйл ажиллагаа явуулж чадалгүй дампуурсан” хэмээх мэдээллийг өчигдөр харамгүй цацсан.
Баримт 6. “Болд төмөр Ерөө гол” ХХК-ийг үүсгэн байгуулагч “Дорнын говь” компанийн захирал Б.Дэлгэрсайхан мөн л энэ жагсаалтад багтсан. Тэрбээр Монголын ТОП 40 тэрбумтны 19-т жагссан нэгэн. Монголын хамгийн том хүдрийн ордыг эзэмшиж, ашиглаж байсан эл эрхэм чамгүй хөрөнгө босгосон нь мэдээж. Түүнийг Сэлэнгийн нэг уулыг төмөр замаар Хятад руу зөөж, худалдсан хэмээн яригддаг юм.
Баримт 7. Түүний энэ удаагийн сонгуульд МАН-аас Дорноговь аймагт нэр дэвших гэж байгаа гэх яриаг ч гарах болсон. Харин тэрбээр оффшор дансны талаар одоогоор ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.
Баримт 8. “ТЭНГРИ” холдингийн Ерөнхийлөгч Х.Анхбаяр энэ жагсаалтад багтсан нь мөн л олны анхаарлыг эрхгүй татсан билээ. Учир нь тэрбээр албан тушаалтнуудтай нийлж, мөнгө угаасан гэх хэргээр 3.6 жилийн ял сонсч явсан нэгэн бөгөөд оффшорт данстай байх аж.
Баримт 9. УИХ-ын гишүүн Г.Уянга Ерөнхий сайд асан С.Баярыг мөнгө угааж, АНУ-д долоон хаус авсан гэх мэдээллийг дэлгэж, чамгүй шуугиан тарьсан. Харин хариуд нь С.Баяр хуулийн байгууллагаар шалгуулж, “дордохын долоо” байхдаа яахав хэмээн эгдүүцэж байсан цаг саяхан. Тэгвэл олон улсын сэтгүүлчдийн байгууллага С.Баярын охид болох Б.Нандин, Б.Бадамханд нарыг оффшор данстай гэдгийг ил болгов.
Баримт 10. Баяр овогтой Нандин, Бадамханд нар "Gold Wellen INC"-д хувьцаа эзэмшдэг тус компани нь Британийн Виржини аралд бүртгэлтэй хэмээн мэдээлэв. Монголын хууль хяналтынхан С.Баярыг “но”-гүй хэмээсэн ч олон улсын байгууллагаас тэдний оффшор дансыг ил болголоо.
Баримт 11. УИХ-ын гишүүн Сү.Батболд, Д.Цогтбаатар нар өчигдөр мэдээлэл хийж, олны анхаарлыг дарах бус улам татав.
Баримт 12. Сү.Батболд “Оффшор компани байгуулаад данс эзэмшсэн зүйл байхгүй” гэдгээ мэдэгдэв. Харин үүнийг шууд батлах арга байхгүй гэдгийг хэлэх хүн олон байгаа юм. Тиймээс ч тэрбээр хуулийн байгууллагад хандана гэдгээ мэдэгдсэн.
Баримт 13. Д.Цогтбаатар “Оффшор данс байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье” хэмээсэн. Мөн тэрбээр “Тухайн үед Австралийн хөрөнгө оруулалттай компанид 11 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд 2005 онд гарсан. Харин хөрөнгө орлогын мэдүүлэгт 2007 оноос мэдүүлдэг болсон учраас бид мэдүүлээгүй. Надад байгаа хувьцааг би нэгд нэгэнгүй ХОМ-д оруулж өгдөг” гэв.
Баримт 14. С.Баярцогт “Нэг сая ам.доллараа Швейцарийн дансанд хадгалуулаад мартсан” нэгэн.
Баримт 15. Тэрбээр энэ тухайгаа “Нэг сая ам.доллар гэдэг нь буруу. Ердөө 2.8-2.9 сая төгрөг байгаа. Найзуудтайгаа нийлж мөнгө хийсэн. Найзууд маань мөнгөө буцаагаад татчихсан. Эдийн засаг хямраад эхлэх үед. Тэгээд миний мөнгө болох гурван сая орчим төгрөг байгаа” хэмээн тайлбарлаж байсан билээ.
Баримт 16. Олон улсын Эрэн сурвалжлах сэтгүүл зүйн холбоо буюу “ICIJ” Монголын оффшор данстай эрхмүүдийг нэрлэлээ. Харин Монголын хууль хяналтын байгууллагууд энэ мэдээлэлд хэрхэн хандах нь одоогоор тодорхойгүй байна.
Баримт 17. Оффшор /offshore/ гэдэг нь англиар “эргийн гадна”, “хилийн гадна” гэсэн утгатай үг аж. Энэ нь татвараас зайлсхийж, харилцагчийнхаа их хэмжээний мөнгийг хадгалахын тулд банкуудын үзүүлдэг үйлчилгээ юм байна.
Баримт 18. Дэлхийн улс орны томоохон бизнес эрхлэгчид, улс төрийн салбарынхан болон гэмт хэрэг, хар тамхины бүлэглэлийнхэн оффшорын бүс нутгийг сонирхдог.
Баримт 19. Оффшор бүсийн бизнесийн тухайд тухайн компанийн эзэн заавал тэрхүү бүс нутагтаа амьдардаггүй ч бизнес эрхлэхийг хэлдэг. Учир нь, тэнд нэгд татвар маш бага буюу огт байдаггүй, хоёрт нууцлал маш өндөр, гуравт төрийн хүнд суртал гэж байдаггүй.
Баримт 20. Сүүлийн үеийн тооцоогоор оффшорын бүс нутгуудад 11.5 их наяд ам.доллар эргэлдэж байна гэсэн тоо баримт бий.
Баримт 21. Тэнд татварын дарамтаас зугтсан бизнесмэнүүд компаниа байгуулан бүртгүүлж, үйл ажиллагаа явуулдаг. Мөн улстөрчид оффшорын бүсэд нуугдан бизнес хийн мөнгөө эргэлдүүлдэг байна.
Баримт 22. Оффшор данс, оффшор компанийн тухайд бизнесийн эрх зүйн үүднээс хууль бус гэж үздэггүй юм байна. Учир нь, тэнд компаниуд хууль ёсны дагуу байгуулагдан бүртгэгддэг аж.
Баримт 23. Дэлхийн татварын системд албан ёсоор хамгийн бага хэмжээний хураамж тогтмол төлж, бизнес эрхлэх боломжтой бүс хэмээн зарлагддаг. Өөрөөр хэлбэл, оффшор компаниудын тухайд өөрийн улсдаа төлж буй татвараа багасган ашгаа нэмэгдүүлэхийн тулд оффшор бүсэд давхар үйл ажиллагаа явуулдаг байна.
Баримт 24. Оффшорын цаана эргэлдэж байгаа их хэмжээний хөрөнгө нь дэлхий нийтийн санхүүгийн хямралын нэг гол шалтгаан болж буй талаар шинжээчид онцолсоор ирсэн.
24tsag.mn
Сэтгэгдэл (19)