Хятадын Фужиань мужийн уулархаг бүсийн Санминь хотын барилгын ажилчдын байрлан ажиллаж байсан барилгыг хөрсний гулсалтын улмаас нурсан хад чулуу дарсан хэрэг явдал гарсан байна. Нурсан хад чулууны хэмжээг 100000 куб метр хэмээн дунджаар тооцоолсон байна. Энэхүү гамшгийн улмаас 34 хүн амь үрэгдэж, 14 хүн бэртэж, гэмтэн, 4 хүнийг одоо болтол олоогүй байгаа талаар орон нутгийн Коммунист Намын хэвлэлийн албанаас мэдээлсэн байна. Бэртэж гэмтсэн хүмүүсийг эмнэлэгт яаралтай хүргэсэн бөгөөд тэдний биеийн байдал хэвийн байгаа ажээ. Сураггүй алга бологсдыг эрж олох, аврах ажиллагаанд 600 гаруй аврагч, гал сөнөөгч, цагдаагийн албан хаагч нар оролцож байна. Нурсан хад чулууг зайлуулах ажил хүндрэлтэй байгаа талаар хятадын төв телевиз мэдээллээ. Хад чулуунд дарагдсан барилгачид төрийн өмчит Хуадиан Фушинь Энэржи ХХК-ий Читан усан цахилгаан станцын барилга дээр ажиллаж байсан бөгөөд уг цахилгаан станц нь 2017 оны 8 дугаар сард ашиглалтанд орохоор төлөвлөгдөж байсан талаар Синхуа агентлаг мэдээлжээ.
Ганбаатар Мөнх-Эрдэнэ/UBS/