Олимпийн галт бамбар өчигдөр РИО 2016 зуны Олимпийн наадмыг зохион байгуулагч Бразил улсад хүрэлцэн ирлээ. Бразилын Олимпийн Хорооны Тэргүүн Карлос Нузман галт бамбарыг барьсаар нисэх онгоцноос бууж ирсэн байна. Галт бамбарыг нийслэл Бразилиа хотноо байрлах Планальто ерөнхийлөгчийн ордонд Ерөнхийлөгч Дилма Руссеффт гардуулсан байна. Дилма Руссефф Бразил улсыг тойрох галт бамбарын аялал эхэлж байгааг зарлан, галт бамбарыг барьж гүйх эхний тамирчин болох 2008 болон 2012 оны Олимпийн эмэгтэйчүүдийн воллейболын алтан медальт Фабиана Клаудинод гардуулсан байна. Галт бамбарын аялалд оролцох хүн бүр 200 метрийн зайд гүйх бөгөөд Фабиана Клаудиногийн дараа Бразилын нэрт математикч Артур Авила Кордейро де Мело бамбарыг барьж гүйхээр болжээ. 8 дугаар сарын 5-ны өдөр эхлэх Олимпийн нээлтээс өмнө галт бамбарыг 12000 хүн тус улсын 329 хотуудаар аялуулах юм байна.
Ганбаатар Мөнх-Эрдэнэ/UBS/