БНХАУ-аас АНУ-ыг чиглэсэн асар их хэмжээний мөнгөн урсгал бий болж байгаатай холбоотойгоор Хятадын АНУ-д хийх хөрөнгө оруулалтын хэмжээ энэ жил нэмэгдэж, шинэ дээд амжилтад хүрэх төлөвтэй байна. БНХАУ-ын компаниуд АНУ-ын аж ахуйн нэгжүүдтэй хамтрах, үйл ажиллагаагаа өргөтгөх зорилготой бөгөөд янз бүрийн салбарт нийт 20-30 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаа ажээ. Олон улсын эдийн засгийн Петерсон хүрээлэнд БНХАУ-ын чиглэлийг хариуцдаг Шон Майнэр “Энэ нь АНУ-ын эдийн засаг сайн мэдээ бөгөөд үүнийг дагаад шууд болон шууд бусаар олон мянган ажлын байр бий болно” гэж дүгнэжээ. Тэрбээр “БНХАУ-ын АНУ-д хийж байгаа хөрөнгө оруулалтын гуравны хоёрыг үзвэр үйлчилгээ, эрүүл мэнд, мэдээллийн технологи, санхүүгийн үйлчилгээний салбарт оруулж буй хөрөнгө оруулалт эзэлж байна” гэв. 2014 онд гэхэд БНХАУ АНУ-д 11.9 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн бол энэ нь 2015 онд 15 тэрбум болж өссөн байна. Гэхдээ энэ нь БНХАУ-аас бусад орныг чиглэсэн хөрөнгө оруулалтын багахан хэсэг юм. Тус улсын хөрөнгө оруулалтын ихэнх хувь нь Европ болон Ази руу чиглэсэн байдаг. Өнгөрсөн жил гэхэд БНХАУ-ын бусад орнуудад хийсэн хөрөнгө оруулалтын наймны нэг нь АНУ-д шингэжээ