Орос волейболчин Екатерина Гамова өөрийн хүчин зүтгэж буй Казаний "Динамо" багтай байгуулсан гэрээгээ сунгахаас татгалзжээ. Учир нь тэрээр "Рио 2016" Олимпийн наадмын дараа зодог тайлах бодолтой байгаа гэнэ. ОХУ-ын шигшээ багийн бүрэлдэхүүнд Дэлхийн болон Европын хошой аварга болсон Екатерина Гамовагийн хувьд Олимпийн аварга болох мөрөөдлөө биелүүлэх сүүлчийн боломж нь Рио байх юм. Екатерина Гамова 2000 болон 2004 оны Олимпийн наадамд дараалан мөнгөн медаль дээр буусан билээ. Тэрээр 2010 оноос хойш Казаний "Динамо" багт хүчин зүтгэж байгаа. Е.Гамова нийтдээ ОХУ-ын АШТ-д 11 удаа аваргалсан.
Өдгөө 35 настай, манай гарагийн хамгийн өндөр эмэгтэй тамирчдын нэг (2метр 2см) Екатерина Гамова гэмтэл бэртлээс гадна, хувийн амьдрал, гэр бүлдээ илүү их цаг зарцуулах хүсэлтэй байгаагаа ярьжээ. Тэрээр 2012 оны Лондоны Олимпийн дараа Оросын кино найруулагч Михаил Мукасейтэй гэр бүл болсон юм.
Чадраабал Баатарзориг /UBS/