Сирийн гал зогсоох гэрээ зөрчигдсөөр байна. Өнгөрсөн долоо хоногт тус улсын хойд хэсэгт явагдсан тулааны үеэр нийт 200 гаруй хүн амь үрэгдсэний ихэнх нь Алеппогийн ойролцоо амьдарч байсан энгийн иргэд байсан байна. Сирийн гал зогсоох гэрээ Алеппо-д агаараас цохилт үзүүлснээр дууссан талаар Ливаны шинжээч тайлбарлан хэлсэн байна. Бейрутын Америкийн их сургуулийн профессор Хилал Хашан хэлэхдээ Женевт үргэлжилсээр байгаа Сирийн энхийн хэлэлцээр нь нөхцөл байдалд саад тотгор болж байна гээд бодит байдалд ОХУ л Сирид хамгийн нөлөө бүхий үйл ажиллагааг явуулж байгааг онцолжээ. Тиймээс Сирийн асуудлаарх ямарваа нэгэн гэрээ хэлэлцээрийг ОХУ-д байгуулах хэрэгтэй гэсэн байна.
Энэ үеэр Швейцарийн Женев хотноо Сирийн асуудлаарх НҮБ-ын тусгай төлөөлөгч Стаффан Де Мистура Аюулгүйн Зөвлөлд Женевийн энхийн яриа хэлэлцээ болон Сири дэх гал зогсоох гэрээний талаар товч танилцуулгыг хийлээ. Танилцуулгын дараа сэтгүүлчидтэй хийсэн уулзалтын үеэр хэлэхдээ "өнгөрсөн 48 цагийн дотор 25 минут тутамд нэг Сирийн иргэн амь үрэгдэж, 13 минут тутамд нэг иргэн шархадсан дундаж тоо баримт бидэнд ирээд байна" гээд гал зогсоох гэрээг гэрээг зөрчин, хүчирхийлэл үйлдэгдсээр байгаа нь энхийн яриа хэлэлцээнд саад учруулж байгааг хэлсэн байна. Тэрээр Сирийн засгийн газар гал зогсоох гэрээг олон удаа зөрчсөний улмаас өнгөрсөн долоо хоногт сөрөг хүчний төлөөлөгчид энхийн яриа хэлэлцээнд оролцохоос татгалзсан болохыг онцолсон байна.
Ганбаатар Мөнх-Эрдэнэ/UBS/