Өмнөд Солонгос улсын Олимпийн Хорооноос өчигдөр Рио 2016 Олимпийн наадамд оролцох тамирчдад зориулсан тусгай өмсгөлийг танилцуулаад байна. Урт ханцуйтай бэлтгэлийн цамц, өмдний хослол бүхий уг хувцсыг Зика вирусын халдвараас сэргийлэх зориулалттайгаар бүтээсэн ажээ.
Тамирчдын өмсөх уг хослолыг шумуул үргээгч химийн бодисоор будсан бөгөөд Олимпийн наадмын үеэрх нээлт, бэлтгэл гэх мэт бүхий л арга хэмжээнд өмсөх ёстой гэдгийг Өмнөд Солонгосын Олимпийн Хорооноос мэдэгдсэн байна. Мөн тус хорооноос тамирчид дүрмийн дагуу зөвхөн тэмцээний үед л зориулалтын өөр хувцас, өмсгөл өмсөх болно гэсэн байна. Гэхдээ тэмцээний үеэр шумуулын эсрэг цацлага цацахыг зөвшөөрсөн талаар нэмж хэлсэн байна. Удахгүй тус хорооноос тамирчид болон Олимпийн наадмыг очиж үзэх иргэдэд зориулан Зика вирусын халдвараас хэрхэн сэргийлэх тухай иж бүрэн заавар, зааварчилгааг гаргах болно хэмээн энэ үеэр мэдэгдлээ.
Ганбаатар Мөнх-Эрдэнэ/UBS/