27 настай Сирийн дүрвэгч хөгжлийн бэрхшээлтэй иргэн Афин хотноо байрлах Елайонас хуарангаар Олимпийн бамбарыг барин гүйсэн байна. Тэрээр Грекийн Олимпийн Хорооны тэргүүн Спирос Капралосоос бамбарыг гардаж авсны дараагаар 1500 цагаач, дүрвэгч иргэн байрладаг уг хуарангаар ийнхүү хүн төрөлхтний эв нэгдлийн билэгдэл болсон Олимпийн бамбарыг барин гүйжээ. Ибрагим Аль Хуссейний хувьд Европ руу дүрвэхээсээ өмнө усанд сэлэлт, сагсан бөмбөг болон жудогийн спортоор хичээллэж байсан туршлагатай, мэргэжлийн тамирчин байсан ажээ. Сирийн зүүн хэсгийн Дейр Эз--Зор хотод төрж өссөн тэрээр багаасаа эхлэн Еуфрат мөрөнд сэлэлтээр хичээллэсэн юм байна.
Сирийн иргэний дайны үеэр буюу 2012 онд дэлбэрэлтэнд өртөн баруун хөлөө алдсан тэрээр Турк улс руу оргон зайлж, тэндээсээ 2014 онд Грекийн зүүн эргийн Самос аралд хүрэлцэн ирсэн байна. Бусад дүрвэгсдийн адил эдийн засгийн хямралд өртсөн Грек улсыг орхин гаралгүй, эсрэгээрээ үлдэхээр шийдэж, өнөөдөр тэрээр тус улсад өөрийн гэсэн орон гэртэй болж, тодорхой ажил алба эрхлэн амьдарч байгаа юм байна. Олон Улсын Олимпийн Хорооны зүгээс энэхүү үйл явдлыг дүрвэгсдийн хямралын хохирогчдод дэмжлэг үзүүлэх билэгдлийн шинжтэй үйлдэл байсан талаар мэдэгдсэн бөгөөд Олимпийн далбаан дор 5-10 дүрвэгч иргэнийг наадамд оролцуулахаар төлөвлөж байгаагаа танилцуулсан байна.
Ганбаатар Мөнх-Эрдэнэ/UBS/