Аж үйлдвэрийн техник, технологийн хөгжил, орчин үеийн чиг хандлагыг тодорхойлдог Ханноверийн үзэсгэлэн яармаг өчигдөр нээгдсэн билээ.
Тус яармаг энэ сарын 29-ний өдрийг дуустал үргэлжлэн явагдах бөгөөд энэ жилийн арга хэмжээ таван үндсэн хэсгийн дагуу зохион байгуулагдахаар болсон байна.
Эдгээрт аж үйлдвэрийн автоматжуулалт, дижитал үйлдвэрлэл, эрчим хүч, аж үйлдвэрийн тоног төхөөрөмж, судалгаа шинжилгээ - технологи гэсэн хэсгүүд багтаж байна.
Жил бүрийн үзэсгэлэн яармагийг гадны улс оронтой хамтран зохион байгуулдаг бөгөөд энэ жил АНУ хамтран зохион байгуулагчаар оролцож байна. Арга хэмжээний хүрээнд өнөөдөр Америк-Германы Бизнесийн чуулга уулзалт зохион байгуулагдаж байна.
Энэ жилийн үзэсгэлэнд Интел, Сиеменс, Майкрософт, ЮНИДО, Утрехтийн Их Сургууль гэх мэт салбар салбарын, олон улсын болон хувийн компани, албан байгууллагууд оролцож байна.
Ханноверийн үзэсгэлэн яармагийг дайны дараах Германы эдийн засгийг сэргээх зорилгоор анх 1947 онд зохион байгуулж байсан юм.
ГАНБААТАР МӨНХ-ЭРДЭНЭ /UBS/