Домогт дуучин өчигдөр Миннеаполис хотын Пэйсли Парк дахь гэрийнхээ цахилгаан шатанд нас барсан байдалтай олдсон нь мянга мянган шүтэн бишрэгчдийг нь уй гашууд автуулаад байна.
Хэвлэлүүдийн дамжуулж буйгаар Принс нас барахаасаа зургаан хоногийн өмнө мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэснээс эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлсэн гэж зарим хэвлэл дамжуулав. Гэхдээ үхлийн шалтгаан тодорхойгүй байгаа тул албаныхан үргэлжлүүлэн шалгалт хийж буй.
Зарим хэвлэлээр түүнийг өөрийнхөө үхлийг эртнээс зөгнөж байсан хэмээн мэдээлжээ. Английн Миррор сонины цахим хуудаст гарсан мэдээлэлд Дэвид Бөүигийн нэгэн клипийг эш татсан байна. Уг клипэнд Принс нас барж, сүнс нь эмнэлгийн байгууламж дээгүүр хөвж буй дүрслэл гардаг нь яах аргагүй үхлээ урьдчилан зөгнөсөн явдал гэж шүтэн бишрэгчид нь тайлбарлажээ.
Олон улсын алдартны дуу тоглуулагчийг шалгаж үзэхэд нас барах үедээ буюу цахилгаан шатан суух үедээ “Алив, галзуурцгаая” хэмээх дууг сонсож байсан нь тогтоогджээ. Мөн хэдхэн өдрийн өмнөх нэгэн тоглолтын үеэр энэ дуугаа дуулахын өмнөхөн “Хэдхэн өдөр хүлээчих” гэж шүтэн бишрэгчдэдээ хандан хэлж байсныг олон хүн нотолж буй юм.
Дуучныг нас барсаны дараа шүтэн бишрэгчид нь түүний гэрийн гадна цугларчээ. Тухайн үед бороотой цаг агаар тааруу байсан бөгөөд бүгд Нил бороо буюу Purple rain хэмээх дууг нь сонсож байжээ. Энэ мэтчилэн домогт дуучныг тойрсон олон хачирхалтай тохиолдлоос жишээ татан онцолъё!
Хамгийн сүүлд тайзан дээр гарахдаа…
Дээр дурдсанчлан Принс хэдэн хоногийн өмнө эмнэлэгт очихдоо ханиад нь хүндэрсэн гэдэг шалтгаан тоочсон боловч ойрын хүрээнийхэн нь мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэсэн гэж баталж байгаа аж. Хэдийгээр биеийн байдал нь тааруухан байсан ч тэр биеэ үл тоон тайзан дээр гарч шүтэн бишрэгчидтэйгээ уулзсан аж. Гэхдээ тэр дуулсангүй. Өвдөглөж суугаад толгой гудайлгаж, ямартай ч амьтай голтой буйгаа харуулахыг хичээж байсан гэнэ. Тэгээд дараа нь шүтэн бишрэгчдэдээ хандаж “Одоо дэмий залбирах хэрэггүй ээ. Хэдхэн өдөр хүлээчих” гэв. Түүний шүтэн бишрэгч Твиттер дахь хуудастаа “Принс саяхны тоглолт дээр хэдхэн өдөр хүлээчих гэсэн нь үхлээ мэдэж гарцаагүй мэдэж байсны баталгаа” хэмээн жиргэсэн нь анх олны анхаарлыг татжээ.
Дөрөвдүгээр сар
Принсийн хит дуунуудын нэг Дөрөвдүгээр сард заримдаа цас ордог дуу нь хагацлын тухай өгүүлдэг юм. Эл дуунд “Амьдрал заримдаа нэгэн хэвийн байдаггүй юм, дөрөвдүгээр сард заримдаа цас ордог” гэж гардаг. Үүнийг бас нэгэн шүтэн бишрэгч нь “Үнэхээр ч дөрөвдүгээр сард заримдаа цас ордог шүү. Амгалан нойрсоорой Принс, энэ дуунд та үхлээ зөгнөсөн байжээ” хэмээн жиргэсэн байх юм. Өөр нэгэн шүтэн бишрэгч нь Твиттертээ “Дөрөвдүгээр сард цас орсон, тэр нас барчихлаа. Принсийн дуунд үхлийн зөгнөл нь оршжээ” гэж жиргэжээ.
Цахилгаан шат
Цахилгаан шатанд нас барсан, сүүлд сонссон дуу нь “Алив галзуурцгаая” хэмээх хит байсан тухай дээр дурдсан. Эл дууны үгийг сонсвол “Цахилгаан шат доош унавал, галзуу солиотой болж, шалыг дээш нь цөм цохиж гаръя” гэсэн мөр бий. Тэгэхээр Принсийн зүрх яах аргагүй цахилгаан шатанд зогссон. “Цахилгаан шат унавал” гэдэг үгнээс харахад өөрийгөө цахилгаан шатаар төлөөлүүлж, үхлээ унахтай зүйрлэсэн бөгөөд “Шалыг дээш нь цөм цохиж гаръя” гэдэг бол араас нь гашуудах хэрэггүй гашуудах хэрэггүй гэсэн гэрээс үг байсан бололтой юм.