Арабын ертөнцийн боловсролын салбарт хэмжээгээрээ өнөөдрийн байдлаар хамгийн томд тооцогдож байгаа тэтгэлгийн санг Абдул Азиз Аль Гурейрийн гэр бүл санаачлан, эхлүүлээд байна. "Боловсролыг дэмжих Абдулла Аль Гурейрийн Сан" нэртэй байгуулагдаж байгаа энэхүү санд нийт 1.14 тэрбум ам.долларыг Аль Гурейрийн гэр бүл хандивласан байна. Сангийн тэргүүн Аль Гурейр энэ талаар хэлэхдээ "Бүс нутгийн хөгжилд нөлөө үзүүлэх зорилгыг агуулж байгаа учраас хэмжээний хувьд ийм байх хэрэгтэй гэж үзсэн" гэжээ. Тус байгууллагын зүгээс бүс нутгийн шилдэг сургуулиудын тоонд багтдаг Кайрын Америкийн Их Сургууль, Бейрутийн Америкийн Их Сургууль, Шаржагийн Америкийн Их Сургууль болон Абу Даби хотын Халифагийн Их Сургуулиудтай хамтын ажиллагааны гэрээг өнгөрсөн долоо хоногт байгуулсан байна. Сангаас ойрын 10 жилийн хугацаанд Ойрхи дорнодын 15000 оюутанд тэтгэлэг олгохоор төлөвлөсөн байна. Тэтгэлэг хүсэгчдэд бүс нутгийн томоохон их, дээд сургуульд тэнцсэн байхаас гадна сургуулиа төгсөөд бүс нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулах шаардлагыг тавьж байгаа юм байна. Эхний тэтгэлгийн багцыг ирэх намраас эхлэн олгохоор болсон байна.
Ганбаатар Мөнх-Эрдэнэ/UBS/