Зөвхөн Австралид амьдардаг бүргэдийн ховор төрөл зүйл болох гурвалжин сүүлт бүргэдэд зориулсан тусгай төвийг Тасмани мужийн Тровунна хэмээх байгалийн цогцолбор газарт нээгээд байгаа бөгөөд уг хүрээлэнд бүргэдүүдийг нутагшуулах ажлыг эхлүүлсэн байна. Тус цогцолборт устах аюултай бүргэдийн төрөл зүйлийг хамгаалах зорилгоор мөн гэмтсэн шувуудын асаргаа, эмчилгээг зохион байгуулан явуулж байна. Хүний гараар бүтээгдсэн дэд бүтцийн барилга байгууламжууд нь зэрлэг байгаль дахь эдгээр амьтдын амьдралын хэв маягт хор хохирол учруулдаг байна. Өнөөдөр уг цогцолборт 4 бүргэдийг нутагшуулаад байгаагийн хоёр нь цахилгааны утсанд цохиулан гэмтсэн бүргэд ажээ. Өнгөрсөн жил нийт 13 бүргэд дээр дурьдсан шалтгаанаар бэртэж гэмтсэн бөгөөд тоо хэмжэний хувьд урьд жилүүдийнхээс өссөн талаар Тасмани мужийн цахилгаан сүлжээний ТасНетворкс компаний төлөөлөгч Лэнс Балкомб хэлсэн байна. Тровунна дахь уг байгаль хамгааллын цогцолборын талбайн хэмжээг ирэх жилээс улам өргөтгөнө хэмээн албаны мэдэгдсэн байна.
Ганбаатар Мөнх-Эрдэнэ/UBS/