Өнгөрсөн долоо хоногт Монголын спортын ертөнцөд өрнөсөн гол үйл явдал нь яах аргагүй олон нийтийн сүлжээгээр тархсан сэргээшийн асуудал байлаа. Казахстанд болсон олимпийн эрхийн тэмцээний дараа манай эмэгтэй бөхөөс сэргээш илэрсэн гэх мэдээллийн талаар албаныхан хэрхэн ярьсаныг хүргэе. Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга О.Баянмөнх хэлэхдээ “Манай холбоонд ДБНХ-ноос сэргээшийн талаар нэр зааж, албан ёсоор бичиг ирээгүй байна. Энэ тухай маргааш /өнөөдөр/ эхлэх олимпийн эрх олгох тэмцээний дараа албан ёсны мэдээлэл өгнө" гэв. Харин Спортын анагаах ухааны албаны дарга Ч.Насанбат “Энэ бол худлаа. Хэн нэгний явуулга байна. Ямар ч тийм зүйл болоогүй” гэж ярьсан. Тэгвэл эмэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Батбаяр “Надад одоогоор юу ч мэдэгдээгүй. Хэрэв тийм зүйл болсон бол би хамгийн түрүүнд мэдэх ёстой хүмүүсийн нэг” хэмээн хариуллаа.