Лаосын Үндэсний Ассемблейн чуулганд тус улсын шинэ Ерөнхийлөгчийг сонгох санал хураалт явагдаж, санал хураалтын эцсийн дүнгээр Коммунист Намын дарга Боуннханг Ворачит Лаосын Ерөнхийлөгчөөр сонгогдон, томилогдсон байна. Боуннханг Ворачит томилогдсоныхоо дараа "Улс орон, ард түмнийхээ төлөө хүчин зүтгэх сайн бөгөөд үнэнч шударга Ерөнхийлөгч байхаа амлаж байна. Миний бие Лаос улсын хууль дүрмийг чандлан сахиж, сайн туршлагыг эх орондоо нэвтрүүлж, Засгийн газрын бодлогын дагуу үйл ажиллагаа явуулахын сацуу энхийн, ардчилсан зарчмын дагуу улсынхаа гадаад бодлогыг бэхжүүлэхийг хичээн ажиллах болно" хэмээжээ.
Лаосын Гадаад Хэргийн Сайдын албыг хашиж байсан Тонглун Сисулит мөн 99 хувийн саналаар тус улсын Ерөнхий Сайдаар сонгогдсон байна. Шинэ Ерөнхий Сайд 18 сайд бүхий танхимаа бүрдүүлжээ. Лаос улсын шинээр сонгогдоод байгаа хоёр удирдагч хоёулаа олон ургальч үзэлтэй улс төрчид бөгөөд хөрш зэргэлдээх АСЕАН-ы гишүүн орнуудтай хамтын ажиллагаагаа зузаатгах асуудлыг чухалчилж байгаа ажээ. Лаос улс мөн энэ жил АСЕАН хэмээх бүс нутгийн энэхүү томоохон байгууллагыг тэргүүлж байгаа билээ.
Ганбаатар Мөнх-Эрдэнэ/UBS/