Олон улсын хөл бөмбөгийн холбооны шинэ Ерөнхийлөгч Жанни Инфантино ОХУ-ын нийслэл Москва хотноо хүрэлцэн ирж, 2018 оны хөл бөмбөгийн ДАШТ-ий тоглолтууд явагдах цэнгэлдэх хүрээлэнгүүдийн бэлтгэл ажилтай танилцаж эхлээд байна. Тэрээр мягмар гаригт Москва хотын дарга Сергей Собянины хамтаар Лужники цэнгэлдэх хүрээлэнд зочилж, уг цогцолборт хийгдэж байгаа барилга, засварын явцтай танилцсан байна. 81000 хүний суудал бүхий Лужникийн цэнгэлдэх хүрээлэнд 2018 оны хөл бөмбөгийн ДАШТ-ий финалын тоглолтууд явагдах болно. Жанни Инфантино өнгөрсөн 2 дугаар сард ОУХБХ-ны ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш анх удаагаа ийнхүү 2018 оны ДАШТ-ийг зохион байгуулагч ОХУ-д айлчилж байгаа нь энэ юм. Жанни Инфантино ОХУ-д ажилласны дараагаар 2022 оны хөл бөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулагч Катар улсад мөн зочлох юм байна.
Ганбаатар Мөнх-Эрдэнэ/UBS/