DSA 2016 буюу 2016 оны Азийн батлан хамгаалах салбарын үзэсгэлэн яармаг Малайзын нийслэл Куала Лумпур хотноо эхлээд байна.
Арга хэмжээний үеэр малайзын зэвсэгт хүчнийхэн барьцаалагсдыг суллах үзүүлэх сургалтыг явуулсан бөгөөд тус улсын Ерөнхий Сайд Нажиб Разак хүрэлцэн ирж, үзэж сонирхсон байна.
Батлан хамгаалах болон аюулгүй байдлын салбарын энэхүү томоохон хэмжээний үзэсгэлэн яармагт дэлхийн олон зуун компаниуд оролцож, өөрсдийн үйлчилгээ, бараа бүтээгдэхүүнийг танилцуулж байна.
Энэ жилийн арга хэмжээнд Турк улсаас хамгийн олон компани оролцож байгаа талаар зохион байгуулагчдын зүгээс мэдээлжээ.
Мөн Туркийн Батлан Хамгаалахын орлогч сайд Суай Алпай үзэсгэлэнд хүрэлцэн ирсэн бөгөөд тэрээр хэлэхдээ Турк улсын терроризмын эсрэг хийж байгаа тэмцэлд гаргасан ололт, амжилт нь өнөөдөр бусад улс орнуудад аюулгүй байдлын салбарт зөвлөмж, туслалцаа үзүүлэх хэмжээнд хүргээд байна гэжээ.
Сүүлийн жилүүдэд улам ихэссээр байгаа Өмнөд Хятадын тэнгис дэх газар нутгийн маргаан, зөрчилдөөн нь Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн улс орнууд батлан хамгаалах салбартаа зарцуулах хөрөнгө, төсвийн хэмжээг нэмэгдүүлэхэд хүргэж байгаа билээ.
ГАНБААТАР МӨНХ-ЭРДЭНЭ UBS.mn