Ассошиэйтед Пресс агентлаг 2016 оны Пулитцерийн шагнал хүртсэн байна. Уг нэр хүндтэй шагналын сэтгүүлзүйн салбарын нийгмийн сайн сайхны төлөө гэсэн төрөлд бичсэн нийтлэлээрээ шилдгээр шалгарсан тухай өчигдөр АНУ-ын Нью-Йорк хотноо албан ёсоор зарлан танилцууллаа. Ассошиэйтед Пресс агентлагийн сэтгүүлч Маржи Мэйсон, Робин МакДауэлл, Марта Мендоза, Эстер Хтусан нар Мьянмар гэх мэт зүүн өмнөд Азийн улс орнуудын олон зуун эрэгтэйчүүд Индонезийн нэгэн арал дээр орших тосгонд торонд хоригдон, хүчээр хөдөлмөр эрхлэж байсан талаар бичсэн цуврал сурвалжлага, мэдээ, нийтлэлээрээ Пулитцерийн шагналыг хүртжээ.
Хүчээр хөдөлмөр эрхлүүлэн, далайн гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэн, хөгжингүй орнуудад нийлүүлж, ашиг олж байсан тухай дээрх сурвлалжлагыг 18 сарын турш хийж гүйцэтгэсэн бөгөөд энэ талаарх мэдээ олон нийтэд хүрсний дараагаар хоригдож, хүчээр хөдөлмөр эрхэлж байсан 2000 гаруй хүнийг сулласан билээ. АП агентлагийн зүгээс дээрх үйл явдлыг дүрс, гэрэл зургуудын хамтаар баяжуулан удаа дараа дэлгэрүүлэн нийтэлж, олон нийтэд мэдээлж байсан нь тэдгээр олон мянган эрэгтэйчүүдийг эрх чөлөөтэй болоход хүргэсэн юм. Сэтгүүлзүй, уран зохиол болон хөгжмийн бүтээлүүдэд олгодог Пулитцерийн шагналыг сонин хэвлэлийн үйлдвэрийн захирал Жозеф Пулитцер анхлан санаачилж, Колумбийн Их Сургуульд санал тависнаар 1917 оноос эхлэн олгож эхэлсэн түүхтэй. Нийгмийн сайн сайхны төлөөх шагналыг алтан медаль дагалддаг бол бусад шагналтнууд 10000 ам.долларын мөнгөн урамшууллыг хүртдэг байна.
Ганбаатар Мөнх-Эрдэнэ /UBS/