Өчигдөр ОХУ-ын нийслэл Москва хотноо Орос, Хятад, Энэтхэгийн гадаад хэргийн сайд нарын уулзалт боллоо. Энэ үеэр Энэтхэгийн Гадаад хэргийн сайд Сушма Свараж НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийг шинэчлэх асуудалд ОХУ болон БНХАУ-ыг тэргүүлэн оролцохыг уриалсан байна. Харин Хятадын Гадаад хэргийн сайд Ван И-ийн хувьд тэрээр олон улсын зөрчил, маргааныг шийдвэрлэх НҮБ-ын зохицуулгыг БНХАУ дэмжих болно гэжээ. Гурван улсын гадаад хэргийн сайд нарын уулзалтын дараагаар хамтарсан хэвлэлийн бага хурал зохион байгуулагдсан. Хэвлэлийн бага хурлын үеэр Оросын зүгээс Сирийн засгийн газар болон сөрөг хүчнийхний хооронд шууд яриа хэлэлцээр явуулахыг уриаллаа. ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров сэтгүүлчдэд хэлэхдээ Женев хотноо үргэлжилсээр байгаа энхийн яриа хэлэлцээний хүрээнд талуудыг шууд яриа хэлэцээр явуулах шаардлагатай байгааг онцолсон байна.
Ганбаатар Мөнх-Эрдэнэ /UBS/