Ням гаригт Бразилын Конгрессийн доод танхимд Ерөнхийлөгч Дильма Руссеффийг огцруулах асуудлаар санал хураалт явагдаж, 367-137-ийн харьцаагаар түүнийг огцруулахыг дэмжсэн байна. Ийнхүү конгрессийн доод танхимаас олонхийн саналаар дэмжигдсэн уг асуудал Сенатын хуралдаанаар хэлэлцэгдэхээр болж байна. Тус улсын Сенатын зүгээс уг асуудлыг нэг сарын дотор авч хэлэлцэх болно хэмээн мэдэгдсэн ч хугацааг нь товлоогүй байна. Дильма Руссеффийн хувьд холбооны төсвийн алдагдлыг зохицуулахын тулд санхүүгийн арга хэрэглэсэн хэрэгт буруутгагдаад байгаа юм. Тэрээр түүний өмнөх төрийн тэргүүн нар ч иймэрхүү арга хэрэглэдэг байсан гээд өөрийгөө ямар нэгэн гэмт хэрэг үйлдсэн болон авилгалын хэрэгт огтхон ч холбогдоогүй болохыг онцлон хэлсэн байна. Гэвч уг хэрэгт буруутгагдсанаас болж дэмжигчдийнхээ тоог алдаад байгаа юм. Бразилын дээд шүүхэд түүнийг хилс хэрэгт гүтгэж байна гэсэн гомдол тавих боломж байгаа бөгөөд албан тушаалдаа үлдэхийн тулд дээрх үйлдлийг хийх болно гэдгээ ч дурьдсан байна.
Ганбаатар Мөнх-Эрдэнэ/UBS/